Луу жилийн эхний барилдаанд аймгийн начин Б.Бат-Эрдэнэ түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-02-19 11:34:22

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Булган сумын нэрэмжит, аймаг, цэргийн цолтой 256 бөхийн луу жилийн эхний барилдаан боллоо.


Тус барилдаанд Булган аймгийн Сайхан сумын харьяат, “Булганхангай” дэвжээний бөх, аймгийн начин Б.Бат-Эрдэнэ түрүүлж, Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат, “Ай Ти Эл Экспресс” компани, “Өлгийн Хүчтэн” дэвжээний бөх, аймгийн хурц арслан М.Еркебулан үзүүрлэв.


Их шөвөгт Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат, “Шижир говь” компани, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, аймгийн заан Ж.Хатанзоригт, Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Эрхэм Хүслэн констракшн” компани, “Дүнжингарав” давжээний бөх, аймгийн харцага Б.Ганзолбоо нар шалгарлаа.


Харин шөвгийн наймд аймгийн хурц арслан Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Г.Дармаажанцан, Э.Нандин-Эрдэнэ, М.Эрхэмбаяр нар үлдэв.  


Ирэх долоо хоногт бөх сонирхогчдыг дараалсан гурван барилдаан хүлээж байна. Тодруулбал, энэ сарын 23-нд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат аймгийн хурц, бадрангуй арслан Б.Лодойн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан, 24-нд Төв аймгийн Бүрэн сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин М.Загдсүрэнгийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан, 25-нд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум, сургуулийн 100 жилийн ойд зориулсан Баян-Өндөр сумаас төрөн гарсан ах, дүү гурван бөх аймгийн арслан С.Лувсангомбо, С.Гомбодорж, аймгийн заан С.Дорж нарын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан тус тус болно.




Холбоотой мэдээ