"Цэнхэр тууз" аяныг эхлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2024-02-16 14:43:50

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Усны газраас Дэлхийн Усны өдрийг угтан гол мөрөн, булаг шандаа үеийн үед өнө мөнхөд урсахын бэлэгдэл болгон "Цэнхэр тууз" аяныг эхлүүлж байна.


"Цэнхэр тууз" аяны хүрээнд долоо хоног бүр ерөнхий боловсролын аль нэг сургуульд Усны газрын мэргэжилтнүүд очиж, усны мөн чанар, ирээдүй хойч үеийнхээ төлөө усаа хамгаалах, хайрлах тухай яриа хийж санал бодлоо солилцох юм.


Өнөөдөр 101 жилийн ой нь тохиож буй, манай улсын ууган, нэгдүгээр дунд сургуулиас "Цэнхэр тууз" аянаа эхлүүлж байгааг Усны газрын дарга З.Батбаяр онцлоод, “Хүүхдүүд усны тухай зөв мэдлэг, хандлагатай болбол улс орон, ард түмний ирээдүй ч тийм байх болно. Хүүхдүүдтэй ярилцсан нэг цаг ирээдүйд итгэх итгэл, найдварыг батлууллаа” хэмээжээ.


Аяны хүрээнд Усны газрын мэргэжилтнүүд өөрсдийн төгссөн сургуульдаа очиж уулзалт хийн, аажимдаа усны сав газрын захиргаад маань ч оролцож, цаашлаад бүх сургуулийг хамрах аж.


Манай улс цэвэр усны нөөцөөр дэлхийн 145 орноос 22-т бичигддэг ч урсгал ус хуримтуулах, нөөцлөн ашиглах нь бага, улсын хилээр урсан гардгаас усны нөөц бага орны тоонд багтдаг. Таван жилийн өмнөх судалгаагаар 81 гол, мөрөн 81, 287 булаг, шанд, 78 нуур, тойром, 11 рашаан сэргэсэн бол 6161 гол мөрөн, 12591 булаг шанд, 3895 нуур тойром, 512 рашаан ширгэсэн мэдээлэл бий. 

 


 

Холбоотой мэдээ