Шуурхай бүлгүүдийг зудад өртсөн аймгуудад томилж ажиллуулахыг үүрэг болголоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
khandmaa@montsame.gov.mn
2024-02-15 21:11:14

Улаанбаатар, 2024 оны хоёдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Засгийн газрын 2024 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Улсын Онцгой комисс хуралдав. 


Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Улсын онцгой комиссын гишүүд, аймаг, нийслэлийн Онцгой комисс, бүх шатны Засаг дарга нарт өвөлжилт, хаваржилтыг хүндрэл багатай давах зорилгоор дараах үүрэг чиглэлийг өгсөн байна.

Үүнд, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 29.1.3-т заасны дагуу өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх удирдамжийг боловсруулж батлуулан хэрэгжүүлэх, аймаг, сумдын Онцгой комисст дэмжлэг үзүүлэх, зудын эсрэг хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх, эрсдэлийг бууруулах ажлыг удирдлага зохион байгуулалтаар хангах, шуурхай бүлгүүдийг зудад өртсөн аймгуудад томилж ажиллуулах, малын сэг, зэм устгахад шаардагдах ариутгал, халдваргүйтгэлийн бодис, гоц халдварт өвчний вакцин, тарилга, шаардлагатай эм бэлдмэлийн нөөцийг яаралтай бүрдүүлэх, татан авах, орон нутагт хүргэх, вакцинжуулах ажлыг шуурхай зохион байгуулж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах, цасанд боогдсон зам, давааг чөлөөлөх, айл өрхүүдэд хүнс, түлээ түлш, малын тэжээл хүргэх ажлыг аймаг, сумдын Онцгой комисстой хамтран өргөн хүрээнд зохион байгуулах, тус ажилд шаардлагатай хүн, хүч хэрэгслийг нэмэлтээр дайчлан гаргах зэргээр шуурхай ажиллах шаардлагатай байгааг чиглэл болгожээ.


Мөн нийт нутгаар их хэмжээний цас орж хаваржилтын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан орон нутгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаа, улирлын амралтын хуваарьт уян хатан зохицуулалт хийж, эрсдэлийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасан тухай УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Холбоотой мэдээ