Бали арал гадаадын жуулчнаас 10 орчим ам.долларын хураамж авна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Индонез Улс Бали арлыг зорих гадаадын жуулчдаас энэ оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 150 мянган индонез рупи буюу 10 орчим ам.долларыг аялал жуулчлалын хураамж болгон авах шийдвэрийг гаргажээ.
Аялал жуулчлалын хураамжийг тус арал руу зорчихын өмнө www.lovebali.baliprov.go.id холбоосоор нэвтэрч, бүртгэл үүсгэн цахим хэлбэрээр урьдчилан төлж, баримтыг тус арлын хилийн шалган нэвтрүүлэх хэсэгт уншуулж баталгаажуулах аж.
Энэхүү хураамж нь Индонез улсын бусад хот, мужаас Бали арлыг зорих гадаадын жуулчдад мөн адил үйлчлэх ба албан болон суралцах албан ёсны визтэй иргэдэд үйлчлэхгүй юм байна.