ОПЕК-ийн гишүүн орнууд нефть олборлолтыг хязгаарлах тохиролцоонд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2016-09-29 10:18:53

АЛЖИР. /KAZINFORM/.  Нефть экспортлогч улсуудын байгууллага буюу ОПЕК-ийн гишүүн орнууд нефть олборлолтыг бууруулах тохиролцоонд хүрчээ.

Лхагва гарагт Алжирын нийслэл Алжир хотод болсон албан бус уулзалтын үеэр өдөрт 32.5-33 сая торхоос илүүгүй хэмжээний нефть олборлох тухай шийдвэр гаргасан байна.

Одоогоор ОПЕК-ийн орнуудын өдөрт олборлож буй нефтийн хэмжээ 33 сая торхоос даваад байгаа юм.

Дэлхийн эдийн засгийн хямралын улмаас эрэлт буурсантай холбогдуулан 2008 оны 12 дугаар сард ОПЕК нефть олборлолтыг багасгах шийдвэр гаргаснаас хойш анх удаагаа олборлолтыг бууруулахаар тохиролцоонд хүрсэн нь энэ юм.

ОПЕК-ийн гишүүн орнууд улс тус бүрт ногдох нефть олборлолтын квотыг ирэх 11 дүгээр сард болох ээлжит уулзалтын үеэр хэлэлцэн тогтоохоор төлөвлөж байна.

Нефть олборлолтыг хязгаарлахаар ОПЕК-ийн гишүүн улсууд тохиролцоонд хүрсэн гэсэн мэдээлэл гарсны дараа лхагва гарагт Нью-Йоркийн бирж дээр нефтийн үнэ өсчээ.

WTI маркийн нефть өмнөх өдрийнхөөс 6 гаруй хувиар өсөн 47 доллар болсон байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ