Хагас коксжсон нүүрсийг өрхийн хэрэглээнд нэвтрүүлэхийг иргэд дэмжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-09-29 09:39:02
oyuka_hu@yahoo.com

Гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Орхон аймгийн удирдлагууд  хагас коксжсон нүүрсийг өрхийн хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг санаачилж байна. Үүний хүрээнд өнгөрсөн наймдугаар сард Дархан-Уул аймгийн “Шарын гол” ХК-ийн охин компани болох “Нако түлш” ХК-ийн хагас коксжсон нүүрсийг аймагтаа нийлүүлэх талаар бэлтгэл ажил хийгдэж байна.

Өнгөрсөн баасан гаригт “Нако түлш” компани туршилтаар 4 тонн хагас коксжсон нүүрсийг 75 өрхөд өгсөн. Нийт 15 багийн 75 айлд 25 кг-ын 2 шуудай хагас коксжсон нүүрсийг нам даралт, ханан болон энгийн пийшэн, утаа бага гаргадаг “төслийн” зуухтай айлуудад үнэгүй өгсөн. Эдгээр айлууд уг түлшийг хэрэглэж үзсэнийхээ дараа үр дүнг нь “Нако түлш” ХК-ийн Орхон аймаг дахь гэрээт борлуулагч болон аймгийн удирдлагуудад танилцууллаа.

Энэ үеэр иргэд уг түлшийг шаталт удаан, илчлэг ихтэй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй, үнэргүй, утаагүй байна гэдгийг онцолж цаашид ийм төрлийн түлш хэрэглэхэд татгалзах зүйлгүй гэсэн юм.

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ