“Барилгачдын нэрэмжит төгөл”-тэй болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-09-29 09:30:39

Монгол Улсыг хөгжүүлэх тэргүүлэх салбарын нэг Барилгын салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ой, Хэнтий аймагт Барилгын салбар үүсэж хөгжсөний 56 жилийн ойг ирэх 10 дугаар сарын 1,2-нд Чингис хотноо тэмдэглэх гэж байна. 

Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг хариуцан зохион байгуулах юм. Тус хамт олон БХБайгуулалтын сайдын 90 жилийн ойн арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх уриалгын дагуу хамт олноороо нэг өдрийн цалингаа хандивласан хамгийн анхны байгууллага болжээ. Түүнчлэн барилгын салбартаа идэвх санаачлага, үр бүтээлтэй ажиллаж 21 аймаг, нийслэл, дүүргийн хэмжээнд ажлын үр дүнгээр 3-р байр эзэлсэн. Газрын харилцаа, геодези, зураг зүйн салбартаа Газар зохион байгуулалтын төлөвлөлтийн чиглэлээр тусгагдсан ажлыг амжилттай хэрэгжүүлж “Тэргүүний байгууллага”-аар шалгарсан бол 2016 оны хагас жилийн ажлын үр дүнгээр 1-р байранд дүгнэгдсэн амжилтаар ойгоо угтаж байна.
Түүхт 90 жилийн хүрээнд аймгийн аварга шалгаруулах мэргэжлийн ур чадварын тэмцээн зохион байгуулснаас гадна  “Барилгачдын нэрэмжит төгөл” –ийг байгуулж мод тарих, МУГЖ Ц.Түвшинтөгсийн дуулснаар олонд хүрсэн “Барилгачин баатрууд” дуунд клип хийлгэх, Барилга угсралтын дарга асан С.Цэдэндамбын нэрэмжит ААНэгж компаниуд, энэ салбарт үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын хооронд жил бүр уламжлал болгон зохиогддог волейболын тэмцээн зохион байгуулж, баярын хурал, хүндэтгэлийн концерт, хүндэтгэлийн хүлээн авалт хийхээр тус тус төлөвлөжээ.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ