ЗАВХАН: Тахийн уугуул нутгийн малчдад хивэг тэжээлийн дэмжлэг үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-02-05 16:49:02

Улиастай, 2024 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Тахийн уугуул нутаг болох Дөрвөлжин сумын Онц багийн малчдад хивэг тэжээллийн тусламж үзүүлжээ.


Тус аймагт, ялангуяа говийн бүсийн сумдад өнгөрсөн жил хур тунадас бага, газрын гарц муу зун, намрыг үджээ. Мөн 11 дүгээр сараас хойш хүйтний эрч эрс чангарч өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор Хомын тал, Дөрвөлжин сумын Онц багийн малчид зарим малаа тэжээх, цас их орвол мал бэлчээрлэх боломжгүй болох. Цасгүй үед малын идэшгүй хүнд нөхцөлтэй өвлийг давж байна.


Тиймээс Онц багийн 44 малчин өрхөд долоон сая төгрөгийн хивэг тэжээлийн дэмжлэгийг өглөө. Цас зудтай, хүнд хэцүү үед малчдад өвс, тэжээл, хивэг илүүдэхгүй, том дэмжлэг болж буйд талархаж байна хэмээн малчид хэлж байв.


Ер нь манай төрийн бус байгууллагаас Хомын талын малчдад жил бүр ямар нэгэн байдлаар дэмжлэг туслалцаа үзүүлэхийг зорьдог. Орон нутгийн хөгжил, нутгийн иргэдийн амьжиргааг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагааныхаа хүрээнд дээрх яаралтай тусламжийг хүргэсэн гэж "Хомын талын тахь" төрийн бус байгууллагаас мэдээлэв.


Ташрамд, энэ жил Дөрвөлжин сумын хэмжээнд нийт 160907 мянган толгой мал өвөлжиж байна. Тус сумын алслагдсан баг болох Хомын тал, Онц багт нийт 81 малчин өрхийн 31226 толгой мал өвөлжиж байна.


Сумын хэмжээнд төлөвлөсөн хэмжээгээр өвс тэжээлийн бэлтгэл хангасан бөгөөд малчдад өвс, тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байгаа талаар Дөрвөлжин сумын ЗДТГ-аас нэмж мэдээлэв.

Холбоотой мэдээ