Ш.Мөнхчулуун: Хөөрөг бол үе дамжин хэрэглэдэг үнэт өв учраас чанартай хийхийг чухалчилдаг

ФОТО МЭДЭЭ
gereltod@montsame.mn
2024-02-05 12:22:53

Эрдэнэбулган, 2024 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Үндэсний бахархал, мэндчилгээний гол хэрэгсэл болох хөөрөг урладаг цөөхөн хүмүүсийн нэг төлөөлөл бол Ш.Мөнхчулуун юм. Тэрбээр Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд Б.Шархүүгийн отгон хүү болон төржээ. Эхнэр Ц.Баярмаатайгаа Япон Улсад танилцан, гэр бүл болсноосоо хойш Архангайд ирж амьдран, даруй хорин жилийг үджээ.

 

“Говь нутагт төрж өсөн жилдээ нэг, заримдаа хоёр удаа очдог хэрнээ л нутгийнхаа тэр халууныг нь, элсэн шуургыг нь тэвчиж чадахгүй болсон байна билээ. Бараг хангайн хүн болчихлоо доо” хэмээн хуучилж, инээх энэ хүн их даруу юм.

 

Өөрийн төрсөн ах Ш.Бат-Эрдэнээс 2012 онд хөөрөг хийх аргыг сурчээ. Сурахдаа ч шууд барьж хийгээгүй бөгөөд хэд хэдэн хөөрөг хийх үйл явцыг нарийн сайн ажигласны дараа анхны хөөргөө хийхээр болжээ. Түүний сурч хийсэн хөөргийг хадам аав О.Цэвэгжав одоо барьж байна. Мөн эхнэр, хүүдээ ч хөөрөг хийж өгчээ.



 /Эхнэр, хүүгийн хөөрөг/

Түүний үеэлүүд болох Д.Наранбаатар, О.Хүүбаатар нар нь нутаг усандаа гарын ур дүйтэй, чулуугаар хөөрөг, чулуун сийлбэр хийдэг урчууд аж.

 

Ш.Мөнхчулууны төрсөн ах Ш.Бат-Эрдэнэ үеэл Д.Наранбаатараас хөөрөг хийхийг сурсан байна. Ойр тойрны үеэлүүд гээд өөрийн удмын хүмүүст энэхүү ур ухаан, эрдмээ зааж сургасаар байгаа аж. Үеэл Д.Наранбаатар нь Өмнөговь аймгийн харьяат Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач, барималч А.Довчиндаваагийн хүү аж.

 

Ш.Мөнхчулуун ч өөрийн сурснаа бусдад зааж, сургасаар хоёр шавьтай болсон байна.




Хөөрөг урлаж сурлаа гээд шууд төгс хийх эд биш юм. Нэлээд хугацааны дараа, олон удаагийн бүтэлтэй, бүтэлгүй болсон оролдлогуудын үр дүнд сайн болдог хэмээн ярилцсанаа дор сийрүүлье.

 

-Ер нь хөөрөг хийх их нарийн ажиллагаатай байх?

-Тийм ээ. Нарийн ажиллагаа шаарддаг. Хөөргийн хүзүү, суурь ёроол хэсэг нь тод зураастай байх ёстой. Зээ бадыг сийлэхдээ бэлгэдлийг бодож ихэнхдээ арслангийн толгой сийлнэ. Бас доторх ухалт гэж маш нарийн ажил бий. 3 мм болтол нь нимгэлж ухдаг. Чулуу нимгэрэх тусмаа л хагардаг учраас ахин дахин харж шалгана. Өнгөлгөөгөө маш сайн хийх ёстой учраас их удаан суудаг. Тэвчээр заадаг ажил л даа. Нэг хөөргийг хийхийн тулд олон өдөр суух шаардлагатай болно.

Гадна өнгөлгөө хийхэд л бүдүүнээс нарийн хүртэл 5-6 янзын ирээр үрж байж гялгар гоё өнгийг гаргаж өгдөг.

 

-Хөөрөг хийх үйл явц чулуугаа сонгохоос эхлэх байх?

-Тийм ээ. Чулуугаа жижиглэж, хуваасны дараа хагарч цуурсан зүйл байгаа эсэхийг шалгана. Цавгүй бол хээ хуарыг нь харж, хааш нь харуулж хийвэл донжтой болох вэ гэдгээ бас харна. Тэгээд эхлээд хэлбэрээ гаргачихаад, дотор талыг нь ухаж дуусаад дотор өнгөлгөөг хийнэ. Хамгийн сүүлд гадна талдаа зээ бад болон бусад хийх ёстой сийлбэр, хээ хаурыг сийлээд, өнгөлөөд дуусгана даа.


 

-Танд хөөрөг хийгээд дууссаны дараа ямар мэдрэмж төрдөг вэ?

-Хөөрөг бол өнө эртнээс монголчуудын хэрэглэж заншсан эд юм. Одоо илүү их хэрэглэх болж. Хөөргийг “аавын буяны сав” хэмээн их хүндэтгэн дээдэлдэг. Нэг хүн хэрэглээд дуусахгүй, хэдэн үе дамждаг эд хөрөнгө болно шүү дээ. Тийм учраас аль болох сайхан, хийц сайтай, чанартай эд болгож, хийж өгөхийг чухалчилдаг. Үүгээрээ л бахархаж суух юм даа. Хүмүүс хүүдээ өвлүүлнэ гээд шинэ хөөрөг хийлгээд, энергээ шингээнэ гэж өөрөө барьж байгаад өвлүүлж байна.

 

-Хөөргийн чулуугаа хаанаас авдаг вэ?

-Ихэнхдээ Өмнөговь, Өвөрхангай аймгаас чулуугаа авдаг. Мөн гаднаас ирж байгаа нэг хөөргийн бэлдэц чулуунуудыг авдаг. Энэ нь илүү найдвартай байдаг. Мана чулуу гэхэд л гадуураа хальстай учраас доторхыг нь заавал зүсэж цав, цуу, хээ хуарыг нь харж байж авдаг.  


       

-Манай хангай газар хөөрөг хийх боломжтой чулуу байдаг болов уу? Судалж үзэв үү?

-Архангайд усан болор чулуу байдаг.

-Хаана?

-Тариат руу байдаг. Би хүний авч ирж өгсөн усан болор чулуугаар хөөрөг хийж өгсөн. Гоё болдог юм билээ.

 

-Хөөргийн чулуунуудаас хамгийн хатуу нь ямар чулуу байдаг вэ?

-Шинж чанарын хувьд хаш чулуу хамгийн хатуу. Тэгээд гартаам, чүнчигноров, мана ордог. Бэлгэдэл талаас нь харвал хаш чулуу нь тухайн хүний ажил үйлсийг бүтэмжтэй байлгаж, муу юмнаас хамгаалдаг гэдэг. Чүнчигноровыг эр хүний чулуу, их хатуу гэдэг. Хүмүүсийн сонгож хийлгэдэг чулуу нь голдуу мана. Мана хийц их шаарддаг чулуу. Тунгалаг учраас доторх өнгөлгөөг нарийн хийнэ. Чамин ч хөөрөг болдог.

 

-Таны хамгийн үнэтэй, үнэ цэнтэй хийсэн ямар хөөрөг байдаг вэ?

-Тариат мана гэж хийж байлаа. Бас Чулуут сумын малчин ах сарлагийн болон өөрийнхөө шүтдэг уулын сийлбэртэй хөөрөг хийлгэж байсан.

 


Тэрбээр энэ мэтчилэн уламжлан өвлөгдөх эдлэлийг хэрэглэгчийнхээ болоод өөрийнхөө сэтгэлд нийцтэл чанартай, хийц сайтай хийж, он удаан жил хэрэглэх үнэт өв болгон үлдээх үйлсэд хувь нэмрээ оруулж, хичээн ажилласаар байна.