Бүсийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-02-02 18:40:53

Улаанбаатар, 2024 оны хоёдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Монголын Эдийн засгийн чуулган “Бүсчилсэн хөгжил” сэдвээр хоёр өдөр үргэлжилж өнөөдөр дууслаа.

Чуулганыг Монгол Улс хөгжлийн ирээдүйгээ тодорхойлох зорилгын хүрээнд зохион байгуулсан юм. Монгол Улс бүсчилсэн хөгжлийг дараах 6 бүсэд хуваагаад байна. Үүнд:

  • Төвийн бүс: Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг,
  • Баруун бүс: Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай,
  • Хангайн бүс: Архангай, Баянхонгор, Өвөрхангай,
  • Хойд бүс: Булган, Орхон, Хөвсгөл,
  • Зүүн бүс: Дорнод, Сүхбаатар, Хэнтий,
  • Говийн бүс: Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Өмнөговь аймаг тус тус орж байна.


Бүс бүрд тулгамдаж буй асуудлыг шийдэх гарц, шийдэл хайн бүс бүрийн эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлов. Үүнд:

  • Говийн бүсэд нэгдүгээрт, нефть-химийн үйлдвэрлэл, удаалаад барилгын материалын болон бүх төрлийн эрчим хүчний үйлдвэрлэл, дараагаар нь уул уурхай-эрдэс баялаг дээр суурилсан хүнд аж үйлдвэрийн үйлдвэрлэл, палентлог, байгаль, шашин, хил орчмын аялал жуулчлал, эдийн засгийн коридорын боомт, тээвэр-ложистик гэж үндсэн чиглэлээ тодорхойлжээ.
  • Төвийн бүсэд нэгд, барилгын материалын үйлдвэрлэл, хоёрдугаарт, эрчим хүч, гуравт, эрчимжсэн ХАА, хөнгөн, хүнсний үйлдвэрлэл, мөн хүнд үйлдвэрлэл, байгаль, бизнес, хил орчмын аялал жуулчлал хэмээн тодорхойлжээ.
  • Баруун бүсэд ХАА, хөнгөн, хүнсний үйлдвэрлэл, байгаль, тусгай сонирхлын болон хил орчмын аялал жуулчлал, эдийн засгийн коридорыг түшиглэсэн боомт, тээвэр-ложистик, тавдугаарт сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл оржээ.
  • Хангайн бүсэд ХАА, хөнгөн хүнсний үйлдвэрлэл, байгаль, түүх соёл, архелоги, рашаан сувилал, шашны жуулчлал, гадаад, дотоод худалдаа, тээвэр-ложистикийн төв болно хэмээн хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлжээ.
  • Зүүн бүсэд Эдийн засгийн коридорыг түшиглэсэн боомт, тээвэр-ложистик, эрчимжсэн мал аж ахуй, түүх, соёл, байгаль, хил орчмын болон хил дамнасан аялал жуулчлал оржээ.
  • Хойд бүсэд аж үйлдвэрлэл, хүнд үйлдвэрлэл, шинжлэх ухаан-технологи, байгаль, рашаан сувилал, хил орчмын аялал жуулчлал, эрчимжсэн ХАА, газар тариалан гэж тодорхойлжээ. 


Улсын хэмжээнд нэгдүгээр сарын 18-наас эхлэн нэгдүгээр сарын 30 хүртэл урьдчилан хэлэлцэж, хоёрдугаар сарын 1-2-нд болсон нэгдсэн чуулган өнөөдөр дуусаж буйг ЭЗХ-ийн дэд сайд Г.Түвдэндорж хэллээ. Улсын хэмжээн дэх урьдчилсан хэлэлцүүлэгт нийт 969 төлөөлөгч оролцож, давхардсан тоогоор 440 санал, санаачилга гаргажээ.


Баруун бүсийн хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлт, бүсийн тэргүүлэх чиглэлийг УИХ-ын гишүүн, Шадар сайд, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар, төвийн бүсийнхийг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан нар нэгдсэн хуралдаан дээр танилцууллаа.

Мөн хойд бүсийг төлөөлж УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, говийн бүсийг төлөөлж УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан, зүүн бүсийг төлөөлж УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, хангайн бүсийг төлөөлж Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нар тус тус танилцуулсан юм.


Бүсүүдийн хэлэлцүүлгээс гарсан санал санаачилга, тэргүүлэх чиглэлүүдийг Ч.Хүрэлбаатар нэгтгэн дүгнэж хэллээ. Тэрбээр, чуулганаар бүсүүд өөр өөрийн нөөц, онцлог, давуу талд тулгуурлан эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ тодорхойлон, түүнийг дэмжих дэд бүтэц, хүний нөөц болон татвар, хөрөнгө оруулалт, эрх зүйн орчинг сайжруулах чиглэлээр хэлэлцэж, нийт 312 санал, зөвлөмж гаргасныг мэдээллээ.




Холбоотой мэдээ