Парисын Олимпын нээлтийг үзэх үзэгчдийн тоог цөөрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2024-02-01 15:50:33

ПАРИС, 2024 хоёрдугаар сарын 1 /AP/. Парисын Олимпын нээлтийн ёслолыг 300 мянга гаруй хүн үзэх боломжтой гэж Францын Дотоод хэргийн сайд Жеральд Дарманин лхагва гарагт мэдэгджээ. Энэ тоо нь анх төлөвлөсний тэн хагас орчимтой тэнцэнэ. 


Долоодугаар сарын 26-ны өдөр Сена мөрөнд болох асар том шоу нь уламжлал ёсоор цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулаагүй анхны нээлтийн ёслол гэдгээрээ онцлогтой. Түүнчлэн олон арван мянган цэрэг цагдааг дайчлан аюулгүй байдлыг хангах томоохон ажиллагаа явуулна.


Францын нийслэл хотын төвөөр долгиолон урсах Сена мөрний дээгүүрх 6 км замаар үргэлжлэх парадад тамирчид завин дээр сууж оролцох ажээ. Харин уг ёслолыг үзэгчид мөрний хоёр талын эрэг дэх хамгаалалтын хашлаганы цаанаас үзнэ. 


Ж.Дарманин "France 2" телевизэд ярилцлага өгөх үеэрээ хэлэхдээ, төлөвлөсний дагуу Сена мөрний эргээс 100 мянган үзэгч төлбөртэйгээр үзэх бол 220 мянган хүн мөрний дээд далан дээрээс үнэ төлбөргүй үзэх боломжтой гэв.


Зохион байгуулагчид нээлтийн ёслолыг анх 600 мянга орчим үзэгч үзэх боломжтой гэж тооцоолж байсан боловч энэ тоог яагаад өөрчилсөн талаар сайд тайлбар өгсөнгүй.


Ёслолын талаар эргэцүүлэн бодсоор нойргүйдэлд өртсөн эсэхийг нь асуухад Ж.Дарманин сайн унтаж байгаа хэмээн хариулжээ. “Манай улс дэлхийд хамгийн шилдэгт тооцогдох аюулаас хамгаалах хүчинтэй, Франц улс медаль хүртэх, мөн юун түрүүнд дэлхий нийтийг ямар ч асуудалгүйгээр хүлээн авах чадвартай гэдгээ харуулах болно" гэж тэрбээр хэллээ.


Өнгөрсөн оны 12 дугаар сард Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон мэдэгдэхдээ, Франц улс хэт давруу үзэлтнүүдийн халдлагад дахин өртвөл аюулгүй байдлын үүднээс ёслолыг өөр газарт зохион байгуулж магадгүй гэж хэлж байсан удаатай. Тухайн үед тэрбээр  2015 онд Парист олон хүний амь насанд хүрсэн халдлагыг жишээ болгон дурдаж байв

Холбоотой мэдээ