Монгол, Германы хооронд зуун жилийн өмнө гаргасан эрдмийн жим улам тодорсоор

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
oyundelger@montsame.gov.mn
2024-01-31 09:49:48

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Манай улсад герман хэлээр ярьдаг 30 мянга гаруй хүн байна гэсэн статистик бий. Жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа энэ тоо гурван сая гаруйхан хүн амтай манай улсын хувьд харьцангуй өндөр үзүүлэлт төдийгүй бусад гадаад хэлийг эзэмшигчдийн статистик дотор ч дээгүүр жагсдаг тоон үзүүлэлт юм.

Энэ бол одоогоос зуугаад жилийн өмнө Монголын анхны сэхээтнүүдийн Герман улс руу гаргасан эрдмийн жим мөр түүнээс хойших хугацааны нийгмийн шилжилтийн аль ч цаг үед тасалдаагүйг илтгэдэг. Нөгөө талаар Монголын ард түмний дунд Герман орон, германчуудын талаарх ойлголт эерэг, нэр хүнд дээгүүр байдгийг харуулах чухал үзүүлэлт гэж болно. Хоёр улсын дипломат харилцаа тогтоосны хагас зуун жилийн ойн босгон дээр, бүтэн зууны түүхтэй боловсролын салбарын хамтын ажиллагааны түүхийг тоймлон үзэхэд бас л сонирхолтой байх болов уу. 

Тэртээ ХХ зууны эхэн үеэс Монгол Улс, Герман Улс боловсролын салбарт хамтын ажиллагаагаа өрнүүлж эхэлсэн түүхтэй. 1921 оны хувьсгалын дараа Ардын Засгийн газар Гэгээрлийн яам байгуулж, 1926 онд 40 гаруй монгол залууг Герман, Францад суралцуулснаар тэд хожмоо нь манай улсын шинжлэх ухаан, боловсрол, соёл урлаг, төр нийгэм, улс ардын аж ахуйн тэргүүлэх сэхээтнүүд, оюуны манлайлагч, соёлын үрийг түгээгчид болж өсөж дэвжсэн юм. Тухайлбал, Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдорж, Д.Намдаг, Н.Наваан-Юндэн, Д.Сурмаажав гээд л хөвөрнө. Социалист замаар хөгжиж байсан 70 жилийн хугацаанд ч Герман улстай боловсролын салбарт хамтран ажиллаж, мянга мянган монгол залуу боловсрол эзэмшиж байлаа. Монголд ардчилсан шинэчлэл хийсний дараа ч Германд суралцах монгол залуусын тоо хумигдаагүй юм.

                                                                                                                             Европт сурахаар очсон анхны монгол сурагчид

Герман Улсад 30 мянга гаруй мэргэжилтэн бэлтгэгдсэнээс олонх нь инженерийн чиглэлээр суралцсан бөгөөд 1992 оноос хойш Германы Эрдмийн солилцооны тэтгэлгээр мэргэжил дээшлүүлсэн боловсон хүчнүүдээс зөвхөн ШУТИС-д гэхэд 30 гаруй профессор багшилж байна.

Түүнчлэн, өдгөө Улаанбаатар хотод Александр фон Хумбольдтын нэрэмжит 38-р дунд сургууль, Герман сургууль, Гёте, нийслэлийн нэгдүгээр дунд сургуульд герман хэлийг гүнзгийрүүлэн судалж байна. Зарим сурагч герман хэлний 1-р түвшний буюу DSD-I-ийн шалгалтаа маш амжилттай өгсөн байдаг.

Ерөнхий боловсролын 14 сургуульд 2019 онд 3088 сурагч герман хэл үзэж байжээ. Мөн 2019 оны статистик үзүүлэлтээр, төрийн өмчийн 5, Монгол-Германы хамтарсан 1 их сургуульд герман хэлний сургалт явуулж байв. Харин 2009 онд герман хэлийг мэргэжлийн бус ангийн 321 оюутан сурч байсан бол 2019 онд 586 оюутан судалжээ. Ийнхүү Германы их, дээд сургуулиудад элсэх хэлний мэдлэгийн шалгалт өгөх боломж нээгдсэн нь дунд сургуулийн герман хэлний сургалтын чанарыг сайжруулах, герман хэл сонгон суралцагчдын тоо нэмэгдэхэд ихээхэн түлхэц болсон гэж судлаач эрдэмтэд дүгнэсэн байна.

Герман хэл сонирхон сурах бас нэг хөшүүрэг нь Германы хүчирхэг эдийн засгийн нөлөө, чанартай боловсролын тогтолцоо юм. Герман Улсад их, дээд сургуулийн боловсролыг үнэгүй эзэмших боломжтой тул ХБНГУ-ын боловсролын чанар, сурах таатай нөхцөл нь Германд мэргэжил эзэмших хүсэл сонирхлыг төрүүлдэг. Сүүлийн жилүүдэд МСҮТ-үүд сургалтын чанартаа ахиц гаргах, технологийн дэвшил нэвтрүүлэхээр гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарсаар байна. Барилгын Политехникийн Коллеж нь Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, ХБНГУ-ын хилийн чанад дахь Ерөнхий Боловсролын Асуудал Эрхэлсэн Төвтэй (ZfA) хамтран төсөл хэрэгжүүлж, “Мэргэжил үйлдвэрлэлийн сургууль” герман хэлний сургалтыг нэвтрүүлэн, 2019 онд 90 сурагчийг мэргэжилд суурилсан герман хэлний сургалтад хамруулснаар Германд үргэлжлүүлэн сурах, мэргэжил дээшлүүлэх боломж олгожээ.

Монгол, Герман улсын хамтран хэрэгжүүлж буй төслүүдээс хамгийн үр дүнтэй, амжилттай нь Монгол Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ХБНГУ-ын Канцлер Ангела Меркел нарын 2011 оны 10 дугаар сард байгуулсан хоёр улсын Засгийн газрын хамтын ажиллагааны гэрээний дүнд шинжлэх ухаан, технологи, уул уурхай, хүрээлэн буй орчны салбарт чадварлаг мэргэжилтэн бэлтгэхээр тус сургуулийг нийслэлийн Налайх дүүрэгт 2013 онд байгуулсан. Дан ганц газар доорх баялагтаа найдах бус, олон улсын шаардлага хангасан тэргүүлэх инженерүүдийг эн тэргүүнд бэлдэхийг улс орон маань чухалчилж энэхүү сургуулийг хоёр улсын Ерөнхийлөгчийн ивээл дор байгуулсан юм. Тус сургууль Германы инженер бэлтгэдэг сургуулиудын туршлагыг нэвтрүүлж, Германы түншлэгч дээд сургуулиудтай хамтран ажиллаж, олон улсын шинжлэх ухааны туршлага, орчин үеийн академик стандартыг Монголд нэвтрүүлж байна. Дадлагад чиглэсэн инженерийн сургалтаараа боловсролын салбар, эдийн засгийг хооронд нь холбох нөхцөл бүрдүүлдгээрээ Монголын ашигт малтмалын салбарын боловсон хүчний эрэлт хэрэгцээг хангах, үнэ цэнийг нь нэмэх, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд хувь нэмрээ оруулж явна.

МГТИС нь мөн ХБНГУ-ын инженерийн боловсролын хөтөлбөрөөр, англи хэлээр сургалтаа явуулдгаараа онцлог. Иймд төгсөгчид нь олон улсын томоохон байгууллага, төсөл хөтөлбөрүүдэд ажиллахаас гадна дэлхийн шилдэг их сургуулиудад үргэлжлүүлэн сурах үүд хаалга нээлттэй байдаг. Цаашид ч Монголын дээд боловсролын шинэчлэлийн түүчээ загвар, дэлхийн түвшний инженерүүдийн шинэ үеийг бэлтгэх төв болохыг зорьж буй аж. Дадлагад уялдсан сургалт, судалгаа хийх, оюутнуудын мэргэжлийн болон хувь хүний хөгжлийг дэмжих, сургалт, судалгаандаа Европын чанарын стандартыг мөрдөж буй нь МГТИС-ийн онцлог гэдгийг тус сургуулийн Сургалтын албанаас тодотгож байна.

Өдгөө МГТИС-ийг 167 оюутан бакалавр, 10 оюутан магистрын зэрэгтэй төгсжээ. Энэ хичээлийн жилд бакалаврын чиглэлээр 410, магистрын сургалтад 10 оюутан суралцаж байгаа аж.

Сургуулийн сургалтын хөтөлбөрийн чухал хэсэг нь дээр өгүүлсэнчлэн суурь болон үйлдвэрлэлийн дадлага. Оюутнууд нь томоохон компаниудад үйлдвэрлэлийн дадлага хийж, туршлага хуримтлуулдаг бөгөөд одоо ч цөөнгүй оюутан Герман, Европын компаниудад үйлдвэрлэлийн дадлага хийж байгаа. ХБНГУ-ын Фрайбергийн технологийн их сургууль, БНХАУ-ын Шу Жөү хотын уул уурхайн технологийн их сургуулийн зуны сургалтад оюутнуудаа хамруулдаг. Төгсөгчдөөс "Оюутолгой", "Монголын алт корпорац" (МАК), МУУК, “Премиум групп” зэрэг томоохон компаниудад мэргэжлээрээ ажиллаж байна.

БШУЯ, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын чанарын судалгааны хүрээлэнгээс “Times Higher Education” олон улсын эрэмбэ тогтоодог байгууллагын аргачлалын дагуу тогтоосон их, дээд сургуулиудын үндэсний эрэмбэ, чансааны жагсаалтад МГТИС нь шилдэг 10 их, дээд сургуулийн зургаад бичигджээ. 



Холбоотой мэдээ