Португалын гранпри маргааш эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-01-25 10:55:46

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид Австри, Швейцарт хийсэн хамтарсан бэлтгэлээ дуусгаад, шинэ оны эхний тэмцээндээ оролцохоор Португалд очлоо. 2024 оны цуврал тэмцээний салхийг хагалж буй Португалын гранприд 92 орны 644 тамирчин зодоглоно.


Маргааш эхлэх тус тэмцээнд манай улсаас эрэгтэй найм, эмэгтэй долоон тамирчин өрсөлдөхөөр мэдүүлэг өгчээ. Гранприд өрсөлдөх 92 орноос 20 нь арваас дээш хүний бүрэлдэхүүнтэй байгаа юм. Гранпри ангиллын тэмцээнд 92 орон оролцож байгаа нь дээд амжилт билээ.


Тэмцээний сугалаа өнөөдөр орой гарах бол маргааш эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болно. Маргааш манай бөхчүүдээс 60 кг-д Э.Ариунболд, Э.Сумъяабазар, 66 кг-д Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр, 48 кг-д Г.Наранцэцэг, Б.Баасанхүү, 57 кг-д Л.Энхрийлэн нар барилдах юм.  


Португалын гранпригийн медалийн төлөөх барилдааныг уламжлал ёсоороо С1 телевиз орон даяар шууд дамжуулна. 

Холбоотой мэдээ