ДАРХАН-УУЛ: Л.Ундрал: Мөсний загасчлал тэсвэр хатуужил суулгаж, илүү их мэдрэмжийг өгдөг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан, 2024 оны нэгдүгээр сарын 24
/МОНЦАМЭ/. Өвлийн спортыг хөгжүүлэх, дотоод, гадаадын жуулчдыг татах
зорилгоор жил бүр орон нутагт онцлох үйл ажиллагаа болон уламжлалт тэмцээн,
уралдааныг зохион байгуулж хэвшсэн. Дархан-Уул аймгийн Загасчлалын спортын
холбооноос ес дэх жилдээ тасралтгүй мөсний загасчлалын тэмцээнийг ЗДТГ,
БОАЖГ-тай хамтран зохион байгуулж байна.
Энэ сарын 20-21-ний өдөр Дархан хотод болсон мөсний загасчлалын “Дархан цом-2024” нээлттэй тэмцээний цор ганц эмэгтэй оролцогч “Монголын флай Фишинг”-ийн эмэгтэй шигшээ багийн ахлагч Л.Ундралтай ярилцлаа.
Өөрийн
хоббигоо хөгжүүлж мэргэжлийн тамирчин
болсон тэрбээр уг тэмцээнд хоёр дахь удаагаа оролцож байгаа аж. Өвлийн тэсгим
хүйтэнд эрчүүдтэй мөр зэрэгцэн мөсөн дээр 3-4 цаг сууна гэдэг амаргүй.
Эмэгтэйчүүдийн төдийлөн сонирхдоггүй спорт. Гэхдээ манай улсад сүүлийн жилүүдэд
илүү хөгжиж, тэр хэрээр эмэгтэй тамирчид нэмэгдэж буй хэмээн инээмсэглэн ярих
түүний цаашдын зорилго нь дэлхийн аваргын тэмцээнд амжилттай оролцож,
Монголынхоо нэрийг өндөрт өргөх хүсэл мөрөөдөлтэй гэж байлаа.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө өөрийгөө танилцуулна уу. Дархан цом тэмцээнд анх удаа оролцож байна уу?
-Уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Лхагвадоржийн Ундрал гэдэг. Монголын флай фишингийн эмэгтэй шигшээ багийн ахлагч. Дархан цом тэмцээнд хоёр дахь удаа оролцож байна.
-Загасчлалын
спортыг яагаад сонгосон бэ? Хэдэн жил хичээллэж байна.
-Ер нь хоббигоо хөгжүүлээд тамирчин болсон. Загасчлал нь зөвхөн эрчүүдийн
спорт биш. Эмэгтэйчүүд ч гэсэн хичээллэх боломжтой. Монголд хөгжиж буй спиннинг, флай фишинг, өвлийн загасчлал гээд бүхий л төрлөөр хичээллэж,
суралцаж яваа тамирчин.
-Тэмцээн хэрхэн
болж өндөрлөв. Цаг агаар хэр нөлөөлдөг вэ?
-Дархан цом мөсний загасчлалын тэмцээн маш сайхан боллоо. Зохион байгуулалт сайтай, жил бүр улам чанаржиж байгаад баяртай байна. Өвлийн хүйтэнд эрчүүдтэй зэрэгцээд мөсөн дээр олон цаг сууна гэдэг амаргүй. Энэ удаагийн тэмцээний өдрүүдэд цаг агаар тогтуун сайхан байлаа. Тамирчин хүн тэмцээнд оролцохдоо мэдээж түрүүлэхийн төлөө хичээдэг. Гэхдээ өвлийн мөсний загасчлалын тэмцээний тухайд үндсэн цагаа дуусгаж чадна гэдэг маш том амжилт гэж боддог.
-Өвлийн
загасчлалын онцлог нь юу вэ? Магадгүй загасчлалаас өөр спортоор хичээллэх
боломжтой шүү дээ?
-Тэсвэр, тэвчээр шаардсан гэдгээрээ илүү онцлог юм. Манай орны цаг агаар ямар билээ, өвлийн улирлын аль ч спорт тэсвэр, хатуужлыг хувь хүнд илүү өгдөг. Мөн дулааны улирлыг бодвол мэдрэмж их шаарддаг. Хүмүүс ихэвчлэн хүйтнээс болоод төдийлөн оролцдоггүй бол миний хувьд илүү их мэдрэмж авч, тэсвэр хатуужил суудаг сайхан спорт.
-Өвлийн
загасчлалын тэжээл, өгөөш нь хүртэл зуны загасчлалаас өөр байдаг. Хэрэглэл ч
гэсэн. Та бүхэн ямар нэгэн байгууллага, ивээн тэтгэгчтэй байдаг уу?
-Ивээн тэтгэгч байхгүй ээ. Клубүүдэд л харьяалагдаж албан ёсны тэмцээн, уралдаанд оролцдог. Өөрөө өөрсдийгөө санхүүжүүлээд л явна. Энэ спортод дурлаж, хичээллэдэг болохоор ажил, амьдрал, санхүүгээ бүгд л өөрсдөө зохицуулдаг даа.
-Мөсний загасчлалын спортоор хичээллэдэг эмэгтэй тамирчид олон бий юу?
-Мөсний загасчлалын спортоор хичээллэдэг, тэмцээн уралдаанд оролцдог эмэгтэйчүүд ер нь ховор. Магадгүй өвлийн хүйтэн бусад зүйлээс шалтгаалдаг байх. Тэмцээн уралдаанд оролцдог нь ч цөөн. Хүн өөрөө сонирхож, хобби болгон түүнийгээ хөгжүүлж өвөл, зун гэлтгүй аль ч улиралд ажлаа зохицуулаад явж чаддаг байвал түүндээ илүү дурлана.
Магадгүй одоо ч гэсэн оройтоогүй гэдгийг хэлмээр байна. Спорт загасчлалыг сонирхоод, хичээллэж үзье гэсэн хүн бүрд нээлттэй. Ялангуяа эмэгтэйчүүдээ
сонирхож үзээрэй гэж хэлмээр байна.
Суугаа ажил хийдэг, магадгүй ажлын ачааллаас шалтгаалан ядардаг, стресс
ихтэй бол хичээллэх боломжтой. Байгаль өөрөө хүнд тайвшралыг өгдөг болохоор
амралтын өдрүүдээр агаар салхинд гарч загасчлалын спортоор хичээллэхэд маш
тохиромжтой.
-Өвөл, зун загас барих
нь өгөөшөөс эхлээд ялгаатай гэж байсан. Олон төрлийн тэмцээн байдаг гэж
сонссон. Хэчнээн төрлийн тэмцээн, уралдаан болдог вэ?.
-Дэлхийд загасчлалын 28 төрлийн тэмцээн, уралдаан болдог. Нуурын эргээс, нуурын дунд завьтай, цэнгэг усны загасчлал гээд олон төрөл бий.
Монголд гурван төрлийн тэмцээнийг ихэвчлэн зохион байгуулж байна. Хамгийн их хөгжиж буй
тэмцээн нь өвлийн мөсний загасчлал. Өөр нэг төрөл нь хиймэл өгөөшөөр
махчин загас барих төрөл буюу спиннингийн төрөл. Гурав
дахь нь флай фишингийн төрөл түлхүү
хөгжиж байна.
-Зөвхөн
загасчлалын спортоороо хичээллэдэг үү? Удахгүй мөсний загасчлалын дэлхийн
аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад болно. ДАШТ-д оролцох уу?
-Тэмцээнүүдэд оролцохын зэрэгцээ зарим үед зохион байгуулалтад орж ажилладаг. Гуравдугаар сард мөсний загасчлалын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа манай улсад болно. ДАШТ-ий гадаад харилцааг хариуцан ажиллах үүргийг хүлээж зохион байгуулалтын багт орсон.
Архангай аймгийн нутаг Өгий нуурт зохион байгуулах тэмцээн бидэнд маш
том боломжийг авчирч байна, нөгөөтэйгүүр бидэнд суралцах зүйл их бий. Хамгийн
том алхам нь дэлхийн аваргын тэмцээнийг эх орондоо зохион байгуулж байна гэдэг
сайхан.
-Таны цаашдын
зорилго?
-Ирэх тавдугаар сарын 19-26-ны өдөр Бүгд найрамдах Чех улсад эмэгтэйчүүдийн флай фишингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тус тэмцээнд оролцох зорилго тавиад бэлтгэлээ базааж байна.
Дэлхийн аваргад оролцоно гэдэг
дараа дараагийн тэмцээн болон тамирчдынхаа амжилтын замыг тавьж өгдөг. Оролцсон
тэмцээн бүрдээ түрүүлнэ гэж байхгүй. Маш их цаг хугацаа, бэлтгэл, хөрөнгө мөнгө
зарцуулдаг. Монголын эмэгтэйчүүд мөн энэ төрлөөр хичээллэдэг, тэмцээн уралдаанд
оролцдог гэдэг замын эхлэлийг л тавихыг хүсэж байна. Энэ удаад медаль чухал биш, харин оролцож,
цагаа дуусгаж хувийн амжилтаа ахиулах нь бидэнд хамгийн сайхан мэдрэмж байх
болов уу.
-Гадаа хасах 29 хэмийн хүйтэн байна. Эрчүүдтэй мөр зэрэгцэн хүйтнийг үл ажран тэмцээнээ амжилттай дуусгаж чадсанд дахин баяр хүргэе. Дэлхийн аваргын тэмцээнд нь амжилт хүсье.
-Баярлалаа. Танай хамт олонд ч гэсэн ажлын их амжилт хүсье.
Хобби болгож түүнийгээ хөгжүүлж чадвал зөвхөн эрчүүдийн спорт биш,
эмэгтэйчүүд ч гэсэн тэсвэр хатуужилтай байж өвлийн загасчлалын тэмцээнд оролцох
боломжтой шүү гэдгийг дахин хэлмээр байна.
Мөн "Дархан цом" тэмцээнийг мэргэжлийн өндөр түвшинд амжилттай зохион
байгуулсан Дарханы спорт загасчлалын холбооныхондоо баярлалаа.