Украинчуудын 55 хувь нь Оростой муудалцахыг хүсэхгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-09-28 11:25:45

КИЕВ. /Xinhua/. Украинчуудын талаас илүү хувь нь ОХУ-тай харилцаагаа муутгахыг хүсэхгүй байгааг судалгаагаар тогтоожээ.

Киев хотод төвтэй “Разумкова” төвийн явуулсан судалгаанд оролцсон украинчуудын 55 хувь нь ОХУ болон Украины хооронд тогтоосон дипломат харилцааг таслахыг эсэргүүцсэн бол 24.8 хувь нь дэмжсэн байна.

Үүний зэрэгцээ судалгаанд оролцсон хүмүүсийн 52.1 хувь нь Украин болон ОХУ-ын хооронд визийн журам тогтоохыг эсэргүүцсэн бол 29 хувь нь дэмжжээ.

Крым болон Украины зүүн нутагт үүсээд байгаа эмх замбараагүй байдалд ОХУ, Украин хоёр өөр өөр байр суурьтай байгаагаас болж хоёр улсын харилцаа муудаж эхэлсэн билээ. Улмаар өнгөрсөн наймдугаар сард ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албанаас Украины эрх баригчид Крым рүү хорлон сүйтгэгчдээ илгээсэн гэсэнтэй холбоотойгоор хурцадмал байдал улам газар авсан билээ.

Уг хэрэг явдлын дараа ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев "Москвагийн хувьд Киевтэй тогтоосон дипломат харилцаагаа тасалж чадна" гэж мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ