Замын-Үүд боомтыг 24 цагаар үргэлжлүүлэн ажиллуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-01-22 16:57:12

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Замын-Үүд хилийн боомт энэ онд 24 цагаар үргэлжлэн ажиллана. Энэ талаар Гаалийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн дээр Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга мэдэгдлээ.  


Тэрбээр, өнгөрсөн онд Замын-Үүд боомтыг 24 цагаар ажиллуулах туршилтын ажлыг эхлүүлснийг хэлээд, энэ ажлын хүрээнд гаальчдын ажиллах, амьдрах нөхцөлийг сайжруулах чиглэлд Боомтын сэргэлтийн Үндэсний хорооноос онцгой анхаарч тус боомтод 35 айлын орон сууцыг худалдаж авах хөрөнгийг энэ оны төсөвт суулгасан гэв.


2024 онд боомтын бүтээн байгуулалт нь явагдаж байгаа дөрвөн боомтын үйл ажиллагааг цаг алдалгүй хугацаанд нь дуусгах зорилтыг тавьж байна. Мөн шинээр АХБ-ны санхүүжилтээр 3-4 боомт дээр бүтээн байгуулалт, шинэчлэлийн ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна гэв


Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга О.Цэенрэгзэн хэлэхдээ, боомтын ачаа тээврийн терминалыг туршилтын хугацаанд 24 цаг ажиллуулах шийдвэрийг хэрэгжүүллээ. Туршилтын ажиллагаа ачаалал багатай ч цаг агаарын хүнд нөхцөлд явагдлаа. Цаашид Замын-Үүдийн гаалийн газар хүн хүчний болон экспортын том оврын тээврийн хэрэгслийг шалгах рентген тоног төхөөрөмж байрлуулах хэрэгцээ шаардлага зайлшгүй гарч байна гэв.


Тэрбээр, Замын-Үүдийн гаалийн алба өнгөрсөн онд анх удаа 1 их наяд 31 тэрбум төгрөг буюу 95 гаруй хувийн татварын орлогын төлөвлөгөөг биелүүлж өндөр ачаалалтай ажилласныг дурдав. Тус гаалийн газар өнгөрсөн 3 жилд дунджаар 450-500 тэрбум орчим төгрөгийн татварын орлого улсын төсөвт төвлөрүүлж иржээ. 


Холбоотой мэдээ