Жим Ён Кимийг Дэлхийн банкны ерөнхийлөгчөөр улираан сонголоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2016-09-28 09:48:09

ПАРИС. /Reuters/. Хөгжиж байгаа улс орнуудад зээл болон буцалтгүй тусламж үзүүлэх зорилгоор бий болсон Дэлхийн банкийг байгуулагдсан цагаас нь хойш 70 гаруй жилийн турш америк хүн удирдаж байна.

Сүүлийн үед Дэлхийн банкны нэр хүнд буурч, хэрхэн удирдаж байгааг нь шүүмжлэх болсон хэдий ч тус банкны ерөнхийлөгчийн албан тушаалд ердөө ганц хүнийг нэр дэвшүүлсэн нь одоо  уг албан тушаалыг хашиж буй  АНУ-ын иргэн юм.

Эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан, Дармут коллежийн ерөнхийлөгч асан 56 настай Жим Ён Кимийг Дэлхийн банкны ТУЗ-ийн гишүүд мягмар гарагт санал нэгтэйгээр дахин сонгожээ. Ингэснээр тэрбээр дахин таван жилийн турш тус банкийг удирдахаар боллоо.

2030 он гэхэд үгээгүй ядуурлыг төгсгөл болгох, хөгжиж байгаа улс бүрийн хамгийн бага орлоготой хүн амын 40 хувийнх нь орлогыг нэмэгдүүлэх зэрэг түүний дэвшүүлсэн зорилтуудыг тус банкны ТУЗ сайшаажээ.

Дэлхийн банкны 189 гишүүн орон хамгийн ядуу буурай улсуудад зориулан тусламж үзүүлэх зорилго бүхий тус банкны санд 52 тэрбум доллар хандивлахаар тохиролцсон байна.

Ноён Ким нь Өмнөд Солонгост төрсөн боловч залуудаа АНУ-д ирж, тус улсын иргэн болсон хүн юм. Түүний Дэлхийн банкны ерөнхийлөгчийн албан тушаалыг хаших хоёрдахь таван жилийн хугацаа 2017 оны долдугаар сарын 1-нээс эхэлнэ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ