ОРХОН: Цагаан тоосны нөлөөллийн бүсэд амьдарч буй иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-01-17 13:37:45
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны нэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргал нар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын дарга Ц.Бат-Энхээр ахлуулсан албаны хүмүүстэй уулзлаа.

 

Уулзалтаар, Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2023 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцэж энэ онд хийх ажлын талаар санал солилцов.

 

Орхон аймаг Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгөөр барьж буй 1А хорооллын инженерийн шугам сүлжээ болон дэд бүтэц, авто замын гүйцэтгэлд тулгарч буй бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцлээ.

 

Мөн “ Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ улсын төсөвт төвлөрүүлдэг орлогоосоо 50 тэрбум төгрөгийг орон нутгийн авто замын засварт шилжүүлэхтэй холбоотойгоор энэ оны хамтын ажиллагааны төлөвлөгөөндөө тусгахаар шийдвэрлэв.

 

Түүнчлэн цагаан тоосны нөлөөллийн бүсэд амьдарч буй 2500 иргэнийг энэ онд  эрүүл мэндийн үзлэгт хамруулахаар төлөвлөж үйлдвэр, аймгийн хамтарсан Ажлын хэсэг байгуулахаар боллоо.

 


 

Холбоотой мэдээ