Малчдаас худалдан авсан махыг Иран улс руу экспортлож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-01-15 16:54:55

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан гарз, хохирол багатай даван туулах зорилгоор мах экспортлогч аж ахуйн нэгжүүд малчдаас амьд хонь худалдан авч эхэллээ.


Эхний ээлжинд малчдаас худалдаж авч буй амьд хонины махыг халал аргаар бэлтгэн экспортлох ажлыг энэ оны 2 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл орон даяар зохион байгуулж байгааг ХХААХҮЯ-наас мэдээлэв

Мах бэлтгэгч аж ахуйн нэгжүүд өдөрт 500-1000 хонь хүлээн авах хүчин чадалтай ажиллаж, хуваарийн дагуу мал худалдан авч байна. Махны үйлдвэрүүд дундын зуучлалгүйгээр малчдын гараас нийт 30 мянган хонь худалдан авч, экспортлоод байна.  

Нэгдүгээр сарын 12-ны өдөр Иран улс руу 6000 ширхэг буюу 80 тонн хонины гулууз мах экспортод ачжээ. “Бид стандартын дагуу чанартай бэлтгэсэн, эрүүл мах гаргаж байна” хэмээн “Интернэшнл Халал Мийт Монгол” компанийн хөрөнгө оруулагч Пармази Хабибболлах хэллээ.



Малчдаас худалдан авч буй хонины махыг хадгалах агуулахын нөөц 120 мянган тонны хүчин чадлын багтаамжтай байна.


Малчдаас мал, мах худалдан авснаар махны экспорт нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор дараагийн асуудал нь мах хадгалах агуулахын болон нөөцөлж бэлтгэх ажил хөндөгдөж байна.

ХХААХҮЯ-наас ирүүлсэн мэдээллээр улсын хэмжээнд мах хадгалах зориулалтын хөргөх агуулахын багтаамж ойролцоогоор 120 мянган тонн, гүн хөлдөөх агуулах 7.5 мянга орчим тоннын хүчин чадалтай байна. Хөргөх агуулахын багтаамж нийслэлд 68 мянга гаруй тонн байгаа бол Дархан-Уул аймагт 7 мянга орчим, Баян-Өлгий, Завхан, Сүхбаатар аймагт тус тус 4 мянга тонн орчим байна.

Салбарын яамнаас мэдээлж буйгаар, төрийн үйлчилгээг шуурхай болгох зорилгоор нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлэн экспортын баримт бичгийг ажлын 8 цагт багтаан олгон, бүх төрлийн махны квотыг цуцалж, агаарын тээврийн экспортыг сэргээсний үр дүнд 2023 онд махны экспорт түүхэн дээд амжилт тогтоон 80.4 мянган тоннд хүрчээ. 



Холбоотой мэдээ