Д.Цэнд-Аюуш: Монгол уламжлалт анагаах ухаан бол өвөг дээдсийн үлдээсэн асар том өв

ТОЙМ
uranatuya@gmail.com
2024-01-10 12:41:50

 

- ЭМЭГТЭЙ ЭРДЭМТЭН -


Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/.  Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг салбар салбарын эмэгтэй эрдэмтдийг онцгойлон урьж ярилцдаг уламжлал тогтоож буй. “Эмэгтэй эрдэмтэн” булангийнхаа дэд дугаарын зочноор Анагаах ухааны доктор, профессор Дамбын Цэнд-Аюушийг урилаа.


АШУҮИС-ийн Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургуулийн захирал, ЭМЯ-ны дэргэдэх Уламжлалт анагаах ухаан судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга буюу Ерөнхий мэргэжилтэн, Анагаах ухааны доктор, профессор Дамбын Цэнд-Аюуш нь
уламжлалт анагаах ухааны сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлзүйг хослуулан хөгжүүлэх, Их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бүрдүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж яваа эрдэмтэн. Мөн Монгол уламжлалт анагаах ухаанд элэгний өвчинд хэрэглэгддэг 17 зүйл эмийн ургамлын судалгаа хийж, зарим ургамлын хавдрын эсрэг, элэг хамгаалах үйлдлүүдийг илрүүлсэн. Түүнчлэн мэргэжлийн ном сурах бичиг, гарын авлага олныг зохиохын зэрэгцээ хэд хэдэн патент, ашигтай загвар, Монгол Улсын стандартыг батлуулсан байна. Тэрбээр 1996 оноос АУИС-ийн Монгол уламжлалт анагаахын тэнхимд багш, 2002 оноос Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн /МАУОУС/ Монгол анагаах ухаан судлалын тэнхимийн эрхлэгчээр, 2018 оноос ахлах багш, 2019-2020 онд АШУҮИС, Эрдмийн сургуульд тэнхимийн эрхлэгч, 2020 оноос АШУҮИС-ийн МАУОУС-ийн захирал, мөн шинэхэн байгуулагдсан Монгол уламжлалт анагаах ухааны хүрээлэнгийн захирлаар ажиллаж байна.


 -Монголын уламжлалт анагаах ухааныг наад зах нь 5000 орчим жилийн өмнөөс үүсэлтэй гэж үздэг юм билээ.  Чухам юуг үндэслэж ингэж үздэг юм бол?

-1990-ээд онд биднийг оюутан байх үед Монголын уламжлалт анагаахын түүхийг 2500-3000 жилийн түүхтэй гэж заадаг байв. Харин сүүлд 5000 жилийн түүхтэй гэдгийг нотлох археологийн олдворууд манай орны нутаг дэвсгэрээс олдох болсон. Хойд Цэнхэрийн агуй, Увс аймгийн Чандмань уулын орчмоос Хүннүгийн үед зүү эмчилгээ хийдэг байсан болон гавлын ясыг цоолж хагалгаа хийж байсныг илтгэх олдворуудыг олсон байдаг. Эндээс манай энэ салбарын түүхэн хөгжил ямар эртнээс эхтэй вэ гэдэг нь ойлгомжтой харагдаж байгаа юм.


-Монгол анагаах ухааны түүх бол гайхамшигтай баян. Анагаах шидэд гаршсан, эрдэм ухаан ихтэй хүмүүсийн нэр ч мөн Монголын түүхэнд олноор тэмдэглэгдсэн байдаг талаар ярьвал?

- XIV зуунд Монголын эрдэмтэн Чойжи-Одсэр “Анагаах ухааны дөрвөн үндэс” зохиолыг монгол хэлэнд орчуулсан нь Монголын анагаах ухаанд Энэтхэг, Төвөдийн анагаах ухааны онол, оношилгоо, эмчилгээний аргуудын хамт эмийн түүхий эд, эм найрлагууд нэвтрэхэд нөлөөлсөн гэж үздэг юм. XVI зууны үеэс манайд буддын шашин хүчтэй дэлгэрч, эмчийн сургууль буюу Манба дацангууд байгуулагдаж олон алдартай эмч төрж гарсан байдаг юм. Ойрадын Зая бандид Намхайжамц, анхны Манба дацанг байгуулсан Ламын гэгээний анхдугаар дүр Лувсанданзанжанцан, XVIII зууны Монголын алдарт оточ Сүмбэ хамба Ишбалжир,  Монголын алдарт оточ Лүнриг Дандар гэх зэргээр үе үеийн алдар цуутай монгол мааранба, эмч нарыг нэрлэж болно.

 

-20-р зууны дунд үеийн адармаатай цагийн нөлөөгөөр Монгол анагаах ухааны хөгжилд бэрхшээл нэлээд тулгарсан гэж үздэг. Гэвч өнөөдөр эргээд сэргэж байгаа. Үүнд нөлөөгөө үзүүлсэн орчин цагийн гавьяатнуудаас дурьдаач?

-Монголын уламжлалт анагаах ухааны орчин цагийн хөгжилд гавьяа байгуулсан эрдэмтэн, судлаач, эмч, төрийн зүтгэлтэн олон. 1990 оноос хойш уламжлалтын салбар эрчимтэй хөгжиж эхэлсэн гэдэг ч үнэндээ бол энэ хөгжлийн суурийг түүнээс өмнөх цаг үед тавьсан байдаг. 1958 онд Монгол Улсын Хүний Гавьяат эмч Д.Бадарчин Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт зүү төөнө заслын кабинет байгуулсан. Дараа жил нь академич Ц.Хайдав гуайн хичээл зүтгэлээр ШУА, Байгалийн нэгдлийн хүрээлэнд Ургамал судлалын секторыг нээснээр орчин цагийн уламжлалт анагаах ухааны эмнэлзүй, эрдэм шинжилгээний хурдтай хөгжих суурь нь болсон гэж үздэг. Энэ нь өргөжсөөр Ардын эмнэлгийн хүрээлэн болсон, өнөөдөр Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэн болтлоо ахижээ. Тухайн үедээ энэ салбарын чухлыг ойлгуулж чадсан төдийгүй төрийн бодлогын нэг хэсэгт байх үүд хаалгыг нээжээ гэж хардаг.


Мөн Монгол Улсын хүний гавьяат эмч, профессор Н.Төмөрбаатар багш маань уламжлалт анагаах ухааны академик боловсролын чиглэлд түүхэн гавьяа байгуулсан хүн. Энэ хүний санаачилгаар 1990 онд тухайн үеийн АУИС-д Монгол улажлалт анагаах ухааны тэнхимийг байгуулж, уламжлалт анагаах ухааны их эмчийн хөтөлбөрийг нээсэн. Багш маань уламжлалт анагаах ухааны дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэдэг энэ сургуулийн суурийг тавьж өгсөн, боловсролын салбарт шинэ мэргэжил бий болгосон гавьяатай хүн. Монголд одоо хувийн хэвшлийн зургаа, долоон сургууль уламжлалт анагаах ухааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байна. Тэдгээрийн суурийг ч манай багш тавьсан гэж хэлж болно.

Монгол Улсын Төрийн шагналт, АШУ-ны доктор, профессор Хүний гавьяат эмч М. Амбага, ШУ-ы гавьяат зүтгэлтэн, профессор Б.Дагвацэрэн, академич Ч.Чимэдрагчаа, “Оточ Манрамба” дээд сургуулийн захирал Нацагдорж гээд энэ салбарын түүхэнд нэрээ бичүүлэх гавьяатай олон хүн бий.


-Монголын уламжлалт анагаах ухааны хөгжил хэр түвшинд баяжин хөгжиж яваа гэж та боддог вэ? Өнгөрсөн хугацаанд алдсан оносны аль нь жин дарах бол? 

- Бид уламжлалт анагаах ухаанаа аваад үлдчихсэн азтай ард түмэн. Хэдийгээр 1940-өөд оны үед маш олон ном судар устан үгүй болж, залгамжаа алдсан ч өвөг дээдсийн маань хүүхдээ эмчлэх домын арга, сэтгэл заслын арга,  ойр зуурын ургамал ногоогоор биеэ эмчилчихдэг гэх мэт эрдэм ухаан бидний геньд шингээстэй учир өнөөдөр өв болж үлдэж чадсан. Нийгмийн өөрчлөлтийн буянаар чамгүй сэргээж хөгжүүлж чадсан байна. Хүний насаар бол одоо ид хөгжлийн үе шатандаа ирж. Өнгөрсөн 30 жилд хүнээ, боловсон хүчнээ бэлдсэн байна. Эрдэмтэн судлаач, эмч мэргэжилтэн боловсон хүчин хангалттай болчихлоо. Одоо бид хөгжлийнхөө дараагийн шатанд шилжих цаг нь болжээ.

Монголчууд өнөөдөр уламжлалт анагаах ухаанаа өдий зэрэгт байлгаж байгаа нь нэг талаасаа төрийн зөв цэгцтэй бодлогын илэрхийлэл. Уламжлалт анагаах ухааны академик сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагатай. Эмнэлэгтэй, эмнэлэгийн үйлчилгээ нь даатгалтай. Манайх шиг ингэж уламжлалт анагаахаа төгс хэлбэрээр хөгжүүлж байгаа улс байхгүй гэж хэлж болно. Үүгээр би үнэхээр бахархдаг шүү.

ДЭМБ манай улсын эрүүл мэндийн салбарын энэ нэгдмэл тогтолцоог өндөр үнэлдэг. Гадны мэргэжилтнүүд, эрүүл мэндийн байгууллагынхан ч манай энэ нэгдмэл тогтолцоог маш их сонирхдог.  1999 онд уламжлалт анагаах ухааныг төрөөс дэмжих бодлогыг УИХ анх баталсан. Эрүүл мэндийн хуулиндаа, “орчин үеийн болон уламжлалт анагаах ухааны дэвшилтэт аргад тулгуурлан хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ” гээд заачихсан.

 

-Монгол анагаах ухааны түүхэн уламжлал, өв соёл маш эртнээс улбаатай. Үүнийг сэргээн судлах, шинэ үеийг бэлтгэх, хөгжүүлэхэд орчин цагийн монголчууд, монгол эрдэмтдийн хийж бүтээж буй ажлуудыг өнөөдөр та юу гэж дүгнэж ярилцах вэ? 

-Монголын уламжлалт анагаах ухааны орчин цагийн хөгжлийг чамлахааргүй түвшинд яваа гэж үзэх бүрэн боломжтой.  Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд уламжлалт анагаах ухааны чиглэлээр 98 үүдэн эмнэлэг, 34 ортой эмнэлэг, 38 сувилал үйл ажиллагаа явуулж хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалахад хувь нэмрээ оруулж байгаа нь том амжилт юм. Уламжлалт анагаах ухааны их эмч, зүү төөнийн их эмч, засалч, сувилагч мэргэжил эзэмшүүлэх 6 их сургууль байна. Мөн эрдэм шинжилгээ, судалгаа хөгжүүлэлт сайн хөгжиж байна. Уламжлалт эмийн үйлдвэр л гэхэд 7 байна. Тэдгээрт 200 нэр төрлийн 1033 эм тан үйлдвэрлэж эрүүл мэндийн байгууллага, хүн ардын хэрэгцээнд нийлүүлж байна.

 

- АШУҮИС оны өмнөхөн Монгол уламжлалт анагаах ухааны хүрээлэнтэй болсон. Байгуулагдаад удаагүй мөртлөө хэд хэдэн шинэ бүтээгдэхүүн гаргахад бэлэн болсон гэсэн?

-АШУҮИС эрдэм шинжилгээний таван хүрээлэнтэй. Тэдний нэг нь Монгол уламжлалт анагаах ухааны хүрээлэн. Байгуулагдаад хэдхэн сар л болж байна. Эхний ээлжинд томуугийн эсрэг сироп, цөс хөөх бэлдмэл, арьсны мөөгөнцрийн эсрэг бэлдмэл, антиоксидант бүтээгдэхүүн, ашигтай бактери бүхий эрүүл мэндийн ундаа зэрэг инновацийн 5 бүтээгдэхүүн, уламжлалт эм гаргах гэж байгаа юм. Цөм л уламжлалт жор найралтад суурилсан бүтээгдэхүүн. Манай уламжлалт анагаах ухаан, эмзүй, био анагаах, эмнэлзүйн олон эрдэмтний олон жилийн хөдөлмөр шингэсэн бүтээлүүд мэндэлж байна гэсэн үг.

Энэ хүрээлэнгийн зорилго бол 5000 гаруй жилийн түүхтэй Монгол уламжлалт анагаах ухааныг судлан хамгаалах, монгол хүнд ээлтэй амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, шинэ эм зохион бүтээх, зохицуулах үйлчилгээтэй хүнсний судалгаа хийх, монгол анагаах ухааны өв соёлыг хадгалсан идээ ундаа үйлдвэрлэх, уламжлалт анагаахын эмнэлзүйн шинэ дэвшилтэт аргууд, эмчилгээний заавруудыг боловсруулж практикт нэвтрүүлэх явдал.

Монгол уламжлалт анагаах ухааны хүрээлэнгийн хамт олон. 2023 он. 


-Бид уламжлалт анагаах ухаанаа дэлхийн хүн төрөлхтөнд таниулж мэдүүлэхийн тулд юу хийх хэрэгтэй юм бол?

-Монголын уламжлалт анагаах ухаан бол бидний өвөг дээдсийн мэдлэг оюун, ухаанаа шингээж үлдээсэн асар том өв соёл. Үүнийгээ бид дэлхийд таниулахад уламжлалт анагаах ухаанд суурилсан эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нэг арга байгаа юм. Бас уламжлалт анагаах ухааны зарим ном судар, анагаах аргуудыг үндэсний болон дэлхийн биет бус соёлын өвд бүртгүүлэх, судалгаа шинжилгээний эргэлтэд оруулах, олон улсын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Энэ үйлсэд зүтгэж чадах хэмжээний хүний нөөц манай салбарт одоо хангалттай бүрдсэн.

 

- Монголын уламжлалт анагаах ухаан өрнө, дорнын ард түмний уламжлалт анагаах мэдлэг ухаанаас ялгарах өөрийн гэсэн онцлог нь юу юм бол?

-Монгол бол байгаль, цаг агаарын өвөрмөц онцлогтой, нүүдлийн соёл иргэншилтэй улс. Энэ утгаараа бидний өвөг дээдэс маш эртнээс байгалийн хувьсал, өөрчлөлтийг гярхай ажиглан, түүндээ тохируулан амьдрах хэв маяг буюу идээ ундаа, явдал мөрөө зохицуулж ирсэн. Мөн зурхайн ухааныг судлах, домнох, эмчлэх зэрэг олон арга бол монголчуудын үеэс үед дамжуулан хөгжүүлсэн эрүүл мэндийн тогтолцоо нь гэж хэлж болох юм. Эмт чанартай ургамал, амьтан, эрдсийг судлах, Монголдоо ургадаггүй ховор ургамлуудыг орлуулах жор зэргийг хэдэн зуун жилийн өмнөөс л бүтээж хэрэглэж байж. Нэг ёсондоо өөрсдөдөө тохирсон анагаах ухааныг маш эрт бий болгож хэрэглэж ирсэн байдаг.

 

-Идээ ундаа, явдал мөрөө тохируулах гэдэг нь анагаахын нэг ухаан байж таарах уу?

- Бид байгаль, цаг уурын эрхшээлд амьдардаг хүмүүс. Тийм ч учраас байгаль, цаг уур, газар оронтойгоо тохирсон хоол хүнс хэрэглэхийг илүүд үзэж байх хэрэгтэй юм. Монгол хүн монгол хоолоо идэх нь л хамгийн тохиромжтой. Гэхдээ тухайн хүн ямар төрөлх чанартай, ямар төрлийн хүн бэ гэдгээ тодорхойлуулсны дараа ямар хоол ундыг хэрхэн хэрэглэхээ зохицуулах учиртай юм. Гэр бүлээрээ нэг төрлийн хоол идэх бус, нас насны онцлог, хүн тус бүрийн төрөлх өвөрмөц чанарт тохирсон идээ ундааг хэрэглэж байвал ихээхэн сайн. Болж өгвөл хүүхдэдээ нэг өөр, өндөр настай аав, ээждээ бас өөр төрлийн хоол хийх зэргээр идээ ундаагаа зохицуулж тохируулан хэрэглэх гэсэн үг.

Монголчууд хамгийн шим тэжээлтэй сайн хоолоо намрын улиралд иддэг. Зун намраас хурааж бэлдсэн хоол хүнсээ өвөл хавартаа хэрэглэх нь элбэг. Удаан хадгалсан хүнсээ хавар идэж хэрэглэж байгаа учир хоол ундны чанар нь их муудсан байна гэсэн үг. Энэ үед ялангуяа лаазалсан бүтээгдэхүүн огтхон ч хэрэглэхгүй байх нь зүйтэй юм. Харин өвлийн улиралд монгол хүний тамир тэнхээ сайн байдаг. Хүйтний улиралд бүх юм нь дотогшоо хумигдаж орсон байдаг учир хоол сойх, жингээ хасах гэх мэт дэглэмийг өвөл барьвал их тохиромжтой. Хавар болохгүй. Улирал бүхэн тус тусдаа эмчилгээ, хооллолт, дэглэмийн онцлогтой. Энэ бүхнийг манай эмч нар, дүүрэг, өрхийн эмч нар маань мэддэг байгаасай л гэж мөрөөддөг.

 

-Тухайн хүн ямар төрөлх чанартай хүн бэ гэдгийг монголчууд ямар аргаар мэдэж идээ ундааныхаа тохируулгыг нь хийдэг байсан юм бол?

- Монголчууд хоол ундаа тохируулж зохицуулан хэрэглэх бүр эртний мэдлэг ухаантай ард түмэн л дээ. Зан ааш, унтаж байгаа янз байдал, хоол унд шингээх чадвар, аливаа зүйлд хариу үйлдэл хэрхэн үзүүлдэг, тайван болоод тайван бус хүн үү гэдгийг нь хүртэл шинжин тодорхойлж хоол ундаа тохируулдаг байсан. Энэ уламжлалаа л бид гээх гээд байгаа юм. Тэдэн насны хүн тийм зүйл идэж хэрэглэх ёстой гэсэн юм манай монгол анагаах ухаанд байдаггүй. Харин тухайн хүний судсыг нь барьж, асуумж аваад, шээсийг нь, таванцэцгийг нь үзэж байж тодорхойлно. Хүн бүр адил биш. Цөм л эхээс өөр өөрийн гэсэн өвөрмөц чанартай төрдөг.

 

-Монгол хүнд л тохирсон хооллолтын өвөрмөц нарийн дэг гэж байх уу?

- Монгол хүний бие махбодийн онцлог өөр. Европчуудын зохиосон, европ хүнд зориулсан идээ ундааны зөвлөгөө монгол хүнд хэр тохиромжтой юм бэ гэдэг нэг асуудал бий. Махны, давсны хэрэглээний тухай янз бүрийн зөвлөгөө байдаг ч бидэнд тэр бүр нь яв цав тохирох уу гэдэг нь бас асуудалтай байдаг. Монголчуудын хэрэглэсээр ирсэн нуурын давсанд бамбай булчирхайн дааврыг нөхөх эрдсүүд нь байж л байдаг. Тэгвэл хужир судасны ханыг угаана. Тийм учраас давсныхаа хажуугаар цай хоолондоо чимх хужир хийгээд л хэрэглэчихдэг байсан. Идээ ундааныхаа зохицуулалтыг гайхалтай хийж чаддаг ухаантай ард түмэн байсан юм шүү дээ, бидний өвөг дээдэс. Гаднаас нутагшаад байгаа зөвлөгөөгөөр бол өвлийн хүйтэн улиралд өдөрт хоёр литр ус уувал хөлрөхгүй учраас тэр их шингэнийг шээсээрээ л гадагшлуулна. Дээрээс нь давсаа хорьчихвол хүний биед нөгөө уусан ус нь тогтохгүй шүү дээ.  Ингэхээр бөөрөнд асар их ачаалал ирэх нь ойлгомжтой. Өндөрлөг хүйтэн газрын болоод өвөл нь хүйтэн болдог манайх шиг газрын хүмүүс давсаа хорьчихоод л ус их хэмжээгээр уугаад байвал онд мэнд орохгүй шүү дээ. Манай монголчууд нэг зүйлийн гаж нөлөөг нөгөөгөөр нь дарах мэдлэг ухаантай ард түмэн байсан. Яагаад Төвөдийн өндөрлөгийн хүмүүс шар тостой, давстай, хийцтэй цай хэрэглээд байна вэ. Биедээ шингэнээ хадгалах нэг ухаан нь хэвшсэн байгаа нь тэр. Тэгж байгальдаа дасан зохицож байгаа хэрэг.

 

-Өөрийнхөө төрөлх чанарыг мэдэх, түүндээ тохирсон амьдралын хэв маягтай болох, тэр хэв маягтаа зохицож амьдрах боломж бидэнд одоо байна уу?

-Эхлээд өөрийгөө судлаж мэдэх, төрөлх өвөрмөц чанараа тодорхойлуулах хэрэгтэй. Тэгээд халуун болоод хүйтэн ус, ундаа хэрэглэж болдог эсэхээ, ходоодны галын илч ямар гэх мэт наад захын чанараа мэддэг болох нь зүгээр. Уймарч гэгэлздэг, уур бухимдалтай байдаг нь хийтэй холбоотой юм байна. Эсвэл гэрээсээ ч гарах дургүй болж найз нөхдөөсөө тасраад байвал бадгана төрлийн хүн байх магадлалтай байх нь. Энэ бүхнээ идээ ундаа, явдал мөрөөр зохицуулна.

Ном сударт үлдэж хоцорсон үг сургаалиуд ямар гайхамшигтай, монгол хүний сэтгэл ухаанд ямар нийлэмжтэй гоё буудаг гээч. Тухайлбал “Хий өвчтэй хүнийг сэтгэлд зохистой нөхрөөр асруул” гэсэн байх жишээтэй. Амархан баярлаж, хурдан гомддог сэтгэлийн хөдөлгөөн ихтэй хүний дэргэд уур бухимдлыг нь төрүүлдэг хүн байлгах зохисгүй юм гэсэн утга. Эмч хүн байтугай энгийн хүн үүнийг ойлгочихно.

Манай Уламжлалт анагаах ухааны хүрээлэнгийн эрдэмтэн, мэргэжилтнүүд монгол хүний төрөлх чанарыг тодорхойлдог хиймэл оюун ухаанд суурилсан программ бий болгохоор ажиллаж байна. Одоо хөгжүүлэлтийн шатандаа явж байна. Зүгээр нэг гар утасны апликэйшн биш, мэргэжлийн эмч хүн энэ программ дээр суурилж тухайн хүний онцлог мөн чанарыг тогтоон, тохирсон эмчилгээ үйлчилгээ үзүүлэх шинэ арга барил, технологи нэвтрүүлэхийг зорьж байгаа юм.

 

-Зөвхөн монгол хүний төрөлх чанарыг тодорхойлдог машин байх уу?

-Тийм. Одоо бид хугацаат цэргийн алба хаагчдын төрөлх өвөрмөц чанарыг энэ программаар тодорхойлохоор болсон. Жанжин штабтай гэрээ хийсэн байгаа. Цэрэг тус бүрийг ачаалал даах чадвар, хооллож ундлах онцлог гэх мэтийг тогтооно гэсэн үг. Ингэснээр тухайн ангид алба хаагчдын хэд хэчнээн нь ямар онцлог төрөлх чанартайг мэдэх боломжтой болох юм. Зарим цэргүүдийн хувьд авч болох, дааж чадах хэмжээнээсээ илүү ачаалал авснаас үүдээд харамсалтай зүйл тохиолдож байгааг үгүйсгэхгүй. Ер нь ч тэгээд манайхны эрүүл мэндийн байдал их сул, муу болчихоод байгаа юм. Тамир, чалхтай хүн ховор болчихсон. Шүд, хоолойн өвчлөл их байна. Хоол ундны чанар ч нөлөөлж байгаа. Цэрэгт татагдах үеийн үзлэгээр эрүүл байж болох ч ачаалал аваад эхэлмэгц тухайн хүний бие организмд ямар ч өөрчлөлт гарах магадлалтай.

 

-Монгол нутгийн хөрсөнд ургадаг ургамал жимсний шимт чанар нь онцгой гэдэг нь хэр үнэн байдаг юм бэ?

-Зөвхөн манай Монголд ургадаг ховор жимс ургамлууд байна. Манайд ургадаг нэрс, үхрийн нүд гэх мэт хар өнгөтэй жимснүүдэд гадныхны хорхой нь хүрдэг. Айхтар их анхилаад байхгүй ч онцгой гоё үнэртэй. -50, +50 хэмийн халуун хүйтнийг даваад гарч ирж байгаа жимс, ургамал бол хамгийн ихээр биологийн идэвхит нэгдлийг агуулдаг. Бусад оронд ургадаггүй тийм гайхамшигтай ургамал, жимснүүд манайд ургадаг. Тарималжуулсан ургамал нь байгалийн цэвэр ургамлын шимт чанарыг хэзээ ч гүйцдэггүй. Тэдгээр гайхамшигтай байгалийн бүтээгдэхүүнүүдийнхээ хамгийн ашигтай нэгдлүүдийг нь биотехнологийн аргаар ургуулах гэх мэт ажлын хүрээнд  манай Монгол уламжлалт анагаах ухааны хүрээлэн ХААИС-тай хамтарч байгаль экологийн өөрчлөлтийн эсрэг хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон.

Гадны мэргэжилтнүүд, эрдэмтэд манай байгаль, газар хөрсний шимт чанар, эмийн ургамалд агуулагдаж байгаа биологийн идэвхит нэгдлийн чадавхийг асар өндөр үнэлдэг. Тиймээс эдгээрийгээ түүхийгээр нь гаргахгүй байхад анхаарах ёстой. Тийм ч учраас ХААИС-тай хамтарч байгаагийн нэг утга нь. 

 

-Орчин цагт монгол хүмүүсийн бие махбод хэврэгшиж, эмзэг болсон байна гэж ярьдаг. Хэрэв тийм бол энэ нь бидний уламжлалаа мартагнаад, өөрт тохирох хүнсээ зохицуулан хэрэглэж ирснээ гээгдүүлээд байгаатай ч холбоотой юм болов уу?

- Монгол хоолноосоо гараад байгаагийн уршиг бас байна. Бид өнөөдөр малын гаралтай өөх тосыг хэрэглэхээ бараг больчихож. Хүүхдүүддээ монгол уламжлалт хоол хүнс, амьтны гаралтай өөх тос идүүлж, хэрэглүүлэхээ больж байна. Одоо маш залуу, бага жаахан хүүхдүүд цөсний чулуу авахуулах мэс засалд орох нь элбэг байна. Би эмч хүний хувьд зөвлөхөд, хэрэв та мах идэж л байгаа бол өөх тодорхой хэмжээгээр идэж байх ёстой. Цөсөө ингэж хөөнө. Өөх идэхгүй бол мах идээд хэрэггүй. Хүний биед ханасан, ханаагүй тосны хэмжээ аль аль нь зохист хэмжээгээр байх ёстой. Мөн хоолны дэглэмийг буруу барих, хоол шингээх чадамжаа мэддэггүй байх нь олон. Жишээ нь ходоодны галын илч нь дорой хүмүүс бол өглөө өлөн дээрээ хүйтэн ундаа ус уух тохиромжгүй. Тэрийг нь ялгахад төрөлх өвөрмөц чанараа тодорхойлж мэдсэн байх нь их чухал.

Энэ мэтээр ярих зүйл их л байдаг. Бид зөвхөн нэг хүрээн дотроо л шинжлэх ухаан яриад суугаад байхгүйгээр нийгмийн эрүүл мэнд, иргэдийнхээ эрүүл амьдрах, аж төрөхөд юу чухлыг сайн таниулан мэдүүлэх хэрэгтэй байгаа юм. Энэ бол бидний хүлээх учиртай нэг үүрэг хариуцлага юм даа.

 

-Та таль нутгийн хүн бэ? Анагаахын мэргэжлийг хэр багаасаа сонгосон бэ?

-Аав маань Архангайн Цэнхэр сумын хүн. Би өөрөө Улаанбаатар хотод төрсөн. 23-р тусгай дунд сургуулийг төгссөн. 19-р цэцэрлэгийн орос ангид явдаг байлаа. Ер нь орос “школ”-той гэж хэлж болно. Ээж, аав маань намайг дунд сургуульд байх үед, “Манайхан бүгд багш нар болсон байна. Эмч хүн алга” гээд л ярьдаг байв. Тэр нь надад “мэссэж” өгөөд байсан хэрэг байж л дээ. Тэгээд л нэг мэдэхэд би, “эмч болох ёстой” гэсэн бодолтой болсон байсан. 1989 онд 10 жилийн сургуулиа дүүргээд тухайн үеийн Анагаах ухааны их сургуулийн эмчилгээний ангид элсэж орсон.

 

Нэгдүгээр курс төгсөх жил аав маань надад, “Уламжлалтын ангид оюутан элсүүлж байгаа юм байна. Энэ ангид орвол их зүгээр шүү, миний охин” гэж ятгаж, зөвлөснөөр би энэ чиглэлрүү орж ирсэн хүн. Нэг ёсондоо аав минь миний өнөө хүртэлх ажил амьдралын замыг чиглүүлээд өгчихсөн юм. Ингээд 1996 онд “Онцгойлох” диплом буюу улаан дипломтой төгссөн дөрвөн хүүхдийн нэг нь би. Тэр дөрвийн нэг Ч.Чимэдрагчаа бид хоёрыг Н.Төмөрбаатар захирал 5-р курсээс багшаар авахаар шийдвэрлэж байсан юм. Бид хоёр ингээд бусад багшийнхаа удирдлага дор хичээл зааж эхэлсэн. Түүнээс хойш энэ сургуульдаа л ажиллаж байгаа юм.


-Аав тань л таныг энэ салбарын хүн болоход гол нөлөө үзүүлсэн хүн байх нь?

-Тийм. Аав маань л энэ сургууль руу, уламжлалт анагаахын салбарлуу хөтөлсөн. Аав маань Залуу техникчдийн ордонд насаараа ажилласан хүн. Үе үеийн засуусын техник сэтгэлгээг хөгжүүлэхэд бүх насаа зориулсан. Шинэ бүтээл оновчтой саналын үзлэгээр аав маань Монголын 21 аймаг, бүх сумдаар явсан байдаг. Гадны мэргэжилтнүүдтэй хамтарч Монголдоо анх удаа “Мазаалай” нэртэй моторт машин хийж бүтээж байсан хүн л дээ. Зах зээлийн шуурганаар Залуу техникчдийн ордон байхгүй болсонд одоо хэр нь харамсаад л ярьж суудаг юм. Өөрөө шавыг нь тавилцаж байсан болохоор тэр байх. Одоо дүүгийн маань компанид зөвлөхөөр ажиллаад, залуустай зэрэгцээд л гялалзаж явна. Нийгмийн өндөр идэвхтэйн дээр, яс сайтай нь харагдаад байгаа юм. Маш их уншина. Ээж маань Архангайн Жаргалантынх. Багшийн дээдийг төгссөн, тоо физикийн багшаар олон жил ажилласан, олон шавьтай хүн бий.

 

Д.Цэнд-Аюуш аав, ээжийн хамт. 1974 он. 


-Таны бахархал юу вэ?

-Бахархах зүйл олон. Шавь нараараа бахархана. Хичээл зааж байсан шавь нараа тоолбол нэлээн олон болсон. Найман докторын ажил удирдсан байна. Тэд маань уламжлалт анагаах ухаанаа шинжлэх ухааны үндэслэлтэйгээр улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх үйлсэд зүтгэх нь ойлгомжтой. Мөн сургууль маань миний нэгэн том бахархал. Одоо зохион бүтээсэн эмнүүдээ гаргаж савлачихаад түүнийгээ харж бахархах байх даа.

 

-Та ямар үед эзэмшсэн энэ мэргэжлийнхээ чухлыг ойлгож мэдэрдэг вэ?

- Угаасаа хүний эрүүл мэндийн төлөөх үйлс гэдэг чинь маш өндөр хариуцлага. Ер нь мэргэжил эзэмшсэн, эзэмшихээр сурч эхэлсэн цагаасаа, алхам тутамдаа л би хариуцлагаа нэлээд сайн ухамсарлаж ирсэн гэж хэлж болно. Гэхдээ ковидын үед “Ингэх л гэж эмчийн тангараг өргөдөг юм байна” гэж эрхгүй бодогдож байлаа. 

-Ковидын үед та цусны бүлэгнэлтийн чиглэлээр ажиллаж байсан хүн. Цар тахлын оргил үед монгол эм тангийн ач тус байсан эсэхийг сайн мэдэх хүний нэг нь та байх?

-Шинжлэх ухааны ололт амжилтыг хүлээн зөвшөөрч нэгтгэмэл анагаах ухаанаар хүний эрүүл мэндийн асуудалд анхаарах нь чухал.  Өөрөөр хэлбэл орчин үеийн европ анагаах ухаан, уламжлалт анагаах ухааныг зөв зохистой хослуулан, өөр хооронд нь нөхөж орлуулах хэлбэрээр ажиллах. Ковидын үед монгол эм тан өгч байсан. Би энэ үед цусны бүлэгнэлтийн чиглэлээр ажилласан. Цус хомсрох, өтгөрөх, өтгөрсөн цус эд эрхтнүүдийг гэмтээх байдал ковидын дараах үед их ажиглагдаж байсан. Жишээ нь нүдний торлог жаахан асуудалтай хүний нүдэнд, бөөр муутай бол тэр эрхтэнд нь шууд нөлөөлж байсан. Яг энэ асуудлыг олон найрлагат жор буюу гэр бүлийн багц гэж тарааж байсан Норов-7, Мана-4, Лидэр-7 зэрэг тангууд нь цус шингэлэх, урсамтгай чанарыг нь сайжруулах, судасны уян хатан чанарыг нэмэгдүүлэх үйлчилгээ үзүүлдэг. Эдгээрийг манай эмийн үйлдвэрүүд нөөцөө шавхан нийлүүлж байсан. Монгол уламжлалт эм тангийн тус эрдэм тэгэхэд маш их хэрэг болсон.

 

-Ковид бидэнд монгол эм тангийн эрдэм тусыг мэдрүүлснээс гадна монгол хүний олон сайн чанарыг харуулсан гэдэг.

-Тийм шүү. Ковидын үед гадныхан хүртэл монголчуудыг үнэхээр гайхамшигтай ард түмэн юм байна гэж гайхаж магтаж байсан. Халдвар хамгааллын дэглэмийг маш сайн барьж чадаж байсан. Бие биенээ хайрлаж энэрэх сэтгэлтэй,  мундаг хүмүүс гэдгээ бид цөм харуулсан шүү. Хог түүдэг залуу хүртэл тортог болсон маск зүүчихсэн шуудайтай юмаа үүрээд явж байхыг харахад үнэхээр хайр хүрмээр санагдах үе байлаа. Бидэнд тийм нэгдмэл байж чаддаг сайн чанар бий.

 

-Хувь хүний эрүүл мэндийн боловсрол, өөрөө өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал хариуцлагатай хандах байдал өнөөдөр маш их чухал асуудлуудын нэг болсон байна. Хамгийн наад зах нь юунаас эхэлж хариуцлагад суралцах ёстой гэж та хэлэх вэ?

-Яг тийм. Эрүүл мэндийн асуудлыг төр хариуцах ёстой, намайг эмчилсэнгүй гэдэг биш, би өвдөхгүй байх, өвчнөөс өөрийгөө урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэдэг ухамсар сэтгэхүйд бид суралцах учиртай юм. Жишээ нь бага насны хүүхдийн эрүүл мэндэд маш сайн анхаарах хэрэгтэй байна.

Хүүхдүүд маш их хийрхдэг. Одоо манай сургуулиудын нэг ангид 30,40 хүүхэд суралцаж байна. Олон хүүхэдтэй, маш их чимээтэй орчны чимээнд нь хүүхэд хийрхэж ядардаг. Тэгэхээр хүүхдэдээ амралтын өдрөөр нь ч юм уу хонины махтай шөл, хонины сүүлээр хийцлэсэн цай уулгах, хонины махаар хийсэн битүү хоол идүүлэх гэх мэтээр хийг нь дарах арга байна. Манайхан хүүхдээ нялхад нь хонины сүүлний тосоор тослож байгаад жаахан томронгуут нь больчихдог. Цэцэрлэгт явж байгаа хүүхдээ ч бас тослож тордож, амрааж байх нь зөв юм. Шүдний өвчлөлөөс өгсүүлээд хүүхдүүдийн эрүүл мэндийн асуудал нь маш дорой болчихоод байгааг харж эмзэглээд л явдаг.

 

-Манай уламжлалт анагаах ухаан нэг талаараа шашин соёлтой холбогдож таараад байх шиг?

- Уламжлалт анагаах ухааны бас нэг том бие даасан салбар нь анагаах ухааны зурхай. Тухайн эмчлүүлэгчид эмчилгээ эхлэх өдөр судар, ямар жилтэй эмчээр хануур төөнүүр хийлгэх зэргээр зохиролыг нь харах тохиолдол ч байдаг. Гэвч үүнийг би шашин гэхээсээ илүү буддын гүн ухаантай холбож ойлгодог. Монгол уламжлалт анагаах ухаанд тэгтлээ их шашин шүтлэгийн асуудал байдаггүй ч амьдралыг ойлгох, байгаль дэлхийтэйгээ харьцах, од гаригийн эрхшээлд хүн яаж амьдардаг тухай гүн ухааны нарийн ойлголтууд бий. Үүнийг манай салбарын оюутан залуус мэдэж судлах ёстой байдаг. Монголчуудын бие, хэл, сэтгэлийн нүглээс ангид байх тухай асуудлыг ч бид заадаг. Ямар ч хүнийг алагчилж үзэхгүй байх, бүхий л хүнд өөрийн ахан дүүс мэт энэрэх сэтгэлээр хандах тухай ойлголтыг ерөөс анагаахын салбарынхны эрхэмлэх зүйл гэдгийг бид түлхүү ярихыг хичээж байна.


-Уламжлалт анагаахын салбарт өнөөдөр бодлогын ямар анхаарал дэмжлэг шаардлагатай байдаг юм бол?

-Яг өнөөдрийн байдлаар шийдвэрлүүлэх шаардлагатай хоёр том бодлогын асуудал байна. Ургамлын генетик нөөцийг бүрдүүлэх шаардлагатай байна. Мөн ард иргэдийг өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэдний эрүүл мэндийн боловсролд монгол анагаах ухаан томоохон байр суурь эзэлж байх ч учиртай юм. Энэ утгаараа Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хуулиндаа уламжлалт эмчилгээ үйлчилгээг тусгах тухай асуудлыг D-Parliament буюу цахим хэлэлцүүлэгт оруулж санал аваад явж байгаа. Энэ хоёр зүйл дээр л бодлогын дэмжлэг одоогоор хамгийн чухал байгаа юм. 




Холбоотой мэдээ