НАТО-гийн гишүүн орнууд “Patriot” цогцолборын пуужинг худалдаж авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-01-04 12:42:38

БРЮССЕЛЬ, 2024 оны нэгдүгээр сарын 4 /DW/. Герман, Нидерланд, Румын, Испани гэсэн НАТО-гийн гишүүн дөрвөн улсад “Patriot” цогцолборын "газар-агаар" ангиллын 1000 хүртэлх тооны пуужинг /GEM-T/ худалдан авах гэрээ байгуулахад тус эвслийн зэвсэг худалдан авалтын агентлагаас (NSPA) дэмжлэг үзүүлэхээр болжээ.


Энэ тухай НАТО-гийн хэвлэлийн албанаас өчигдөр нийтэлсэн мэдэгдэлд дурдсан байна.


Пуужингуудыг үйлдвэрлэх, нийлүүлэх гэрээг Raytheon, MBDA компаниудын хамтарсан үйлдвэр болох COMLOG компанитай байгуулсан байна. Түүнчлэн GEM-T пуужингийн Европ дахь үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр болсныг  мэдэгдэлд дурджээ. 


Агаарын довтолгооноос хамгаалах “Patriot” системд зориулж пуужин худалдаж авах нь "Украинд явуулж буй Оросын дайны үеэр гишүүн орнууд агаарын довтолгооноос хамгаалах хүчээ бэхжүүлэхэд" зайлшгүй шаардлагатай гэж олон нийтийн X сүлжээнд нийтэлсэн НАТО-гийн мэдэгдэлд онцолсон байна.


“Зэвсгийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нь Украины болоод манай гишүүн орнуудын аюулгүй байдлыг хангах гол хүчин зүйл юм” гэж НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мэдэгджээ. 


Гэрээний үнийн дүн 5.5 орчим тэрбум доллар болж магадгүй байна. 

 

Америкийн зенитийн пуужингийн “Patriot” цогцолбор нь АНУ болон бусад хэд хэдэн орны армийн зэвсэглэлд байдаг. 2022 оны хавар Украинд эхэлсэн дайны дараа хэд хэдэн “Patriot” цогцолборыг Украины Зэвсэгт хүчинд нийлүүлжээ. Уг цогцолборыг ашиглан Киев, Одесса зэрэг хотуудыг пуужингийн довтолгооноос хамгаалж байгаа аж.

Холбоотой мэдээ