АРХАНГАЙ: ‘’Хүмүүн бичиг’’ сониныг уншсанаар сурагчдын унших чадвар сайжирсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-12-20 14:56:20

Эрдэнэбулган, 2023 оны арванхоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн Д.Наранцэцэг багштай 10а анги 29 сурагчтай.


Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг ”Хүмүүн бичиг’’ сониныг 9-р ангиасаа эхлэн захиалан уншиж байна. “Хүмүүн бичиг” сонины шинэ дугаар авах бүрд ямар мэдээ мэдээлэл нийтлэгдсэн талаар ангийнхаа сурагчидтай ярилцдаг учир хүүхэд бүр сониныхоо хуудас болгоныг уншиж, танилцсан байдаг байна.


‘’Хүмүүн бичиг’’ сониноо анги хамт олноороо захиалан уншдаг болсноор сурагчдын унших чадвар сайжирч, цаашид үндэсний бичгээ хичээнгүйлэн суралцахад томоохон түлхэц болсон байна.  


Ангийн зарим сурагч ‘’Барын булан’’, ‘’Таталган бичгийн булан-г илүү сонирхон уншиж, өөрийгөө хөгжүүлдэг аж. Үүнээс улбаалан сурагч Ц.Буянзул, Б.Баярцэцэг нар О.Баасан багшийн удирдлага дор хулсан үзгээр бичиж эхэлжээ. Мөн 10а ангийн сурагч Ц.Буянзул, Б.Баярцэцэг, М.Мөнхцолмон, Б.Ууганцэцэг, Б.Оюунжаргал, Ц.Цэрэндолгор, Д.Баасандорж нар бийрийн бичгээр бичиж, үндэсний бичиг үсгийн баярт тогтмол оролцдог байна.


2022 оны ‘’Үндэсний бичиг үсгийн баяр’’-т сурагч Ц.Буянзул ‘’Түргэн уншлага’’-ын төрөлд 2-р байр, “Зөв сайхан бичигтэн” төрөлд 3-р байр,  

2023 оны “Үндэсний бичиг үсгийн баяр’’-т сурагч Ц.Буянзул ‘’Түргэн уншлага’’-ын төрөлд 3-р байр, “Зөв сайхан бичигтэн’’ төрөлд 1-р байр эзэлсэн амжилтыг гаргасан нь “Хүмүүн бичиг” сонины таталган болон модон барын буланг хичээнгүйлэн уншдаг байсны үр хэмээн ярьж байна.


Мөн 9-р ангидаа “Монголын нууц товчоо’’ зохиолын 1-8 дугаар бүлгийг уншиж, монгол бичгээр номын тэмдэглэл хөтөлсөн байна.


Цаашид ‘’Хүмүүн бичиг’’ сониноо тогтмол захиалан унших дүүрэн хүсэл тэмүүлэлтэй. “Хүмүүн бичиг” сониныг үндэсний бичгийн хичээл ордог анги болгон багш бүр тогтмол захиалан уншаарай хэмээн тус ангийнхан уриалж байв. 

Холбоотой мэдээ