Байгаль хамгаалах итгэлцлийн сан байгуулах нь уур амьсгалын санхүүжилтийн гол механизм болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2023-12-19 14:39:52

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОАЖЯ, Монголбанкнаас уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх талын уулзалт, хэлэлцүүлгийг цувралаар зохион байгуулж байна.


Манай улсад уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах чиглэлээр санхүүжилтийн тогтолцоог бий болгох, түүний эрх зүй, салбар хоорондын уялдааг хангаж зохицуулах механизм хэрэгтэй байгааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү хэлж байна. Тэрбээр, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход чиглэсэн салбар дундын нэгдсэн оновчтой тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хуулийн төсөл боловсруулж буйг мэдээллээ.


“Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад манай улс хувь нэмрээ оруулж, байгаль орчны доройтолтой тэмцэх, уур амьсгалын санхүүжилтийн тогтолцоо бүрдүүлэхэд төр, хувийн хэвшил хамтран ажиллах хэрэгтэй байна. Дээрх асуудлыг бүрэн шийдэх боломж байхгүй учир олон талын оролцоог хангах цуврал уулзалт хэлэлцүүлгийг хийж буй”-г тэрбээр тодотгосон юм. Ингэснээр бодлогын болон эрхзүйн асуудлыг шийдвэрлэх болно гэдгийг хэллээ.


Үүний өмнө “Уур амьсгалын санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх нь” хэлэлцүүлгийг зохион байгуулсан бол өнөөдөр мөн Монголбанканд “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэрэгслийг практикт нэвтрүүлэх нь” ээлжит хэлэлцүүлэг уулзалт боллоо.


Олон улсын байгууллагын судалгаагаар Монгол Улсын ялгаруулж буй хүлэмжийн хийн хэмжээ сүүлийн 20 жилд 65 хувиар өсжээ. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад тогтвортой санхүүжилтийн механизмыг бий болгох шаардлагатай байна.



Хэлэлцүүлгийн талаар оролцогч гол байгууллагын нэг “Дэ Нэйче консерванси” байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын төслийн захирал Ц.Мөнхбаяр, “Бодлогын болон чиглэлийн яамд, оролцогч талуудын оролцоог хангах үүднээс уур амьсгалын санхүүжилтийг хэлэлцэж байна. Уур амьсгалын өөрчлөлт, түүний сөрөг нөлөөллийг бууруулах талаар Монгол Улс Парисын хэлэлцээрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, эрчимжүүлэх шаардлага байгаа. Уур амьсгалын санхүүжилт нь дэлхий нийтээр яригдаж буй ногоон санхүүжилтийн нэг хэлбэр нь юм” гэв. Тэрбээр, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах санхүүжилт нь донор, хөрөнгө оруулагчдаас мөнгө авч зарцуулаад буцаад мөнгө хийхдээ бус, оруулсан хөрөнгө оруулалт нь эргээд байгалиасаа санхүүжилтээ босгодог тогтолцоо юм. Үүнийг хэрэгжүүлэх институцийн нэг байгаль хамгаалах итгэлцлийн санг Монголд байгуулахаар болж буйг тодотголоо.



Байгаль хамгаалах байнгын тогтвортой санхүүжилтийн механизм нь итгэлцлийн сан. Дэлхийд өнөөдөр ийм 170 гаруй сан үйл ажиллагаа явуулж байна. Манай улсад:

  • Ногоон зээлийн стандартыг тодорхойлох,
  • Байгаль хамгаалах итгэлцлийн сан байгуулах хэрэгтэй байгааг хэлэлцүүлгээр хөндлөө.


Уулзалт дээр уур амьсгалын өөрчлөлт, нүүрс төрөгчийн зах зээлийн хөгжлийн “Ололт” төвийн гүйцэтгэх захирал Ц.Ананд олон улсад хэрэгжиж буй уур амьсгалын санхүүжилтийн нэг карбон кредитийн зарчим, механизмын талаар танилцуулсан юм.


Тэрбээр, карбон кредит нь үр дүнд суурилсан санхүүжилтийн чухал хөшүүрэг хэлбэр нь юм гэдгийг дурдаж, энэ нь орлого олохоосоо илүү эргэн зарцуулалтыг хянах тогтолцоог бүрдүүлэх үйл ажиллагаа гэдгийг онцлон хэллээ. Мөн Монгол Улсын хүлэмжийн хийн ялгарал 2011 оноос хойш шингээлтээсээ давж эхэлсэн. Энэ зөрүүг тэглэхийн төлөө үйл ажиллагаа явуулах шаардлага үүсэж буйг тэрбээр онцолсон юм.


Өнөөдрийн бодлогын хэлэлцүүлэг, уулзалтаар эрчим хүчний шилжилт, сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд тулгамдаж буй асуудал, шаардлагатай бодлогын дэмжлэгийн талаар ярилцлаа. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд хууль эрх зүй, урамшууллын тогтолцоог өөрчлөх шаардлагын талаар салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүд санал солилцлоо.      


Холбоотой мэдээ