ДУНДГОВЬ: Э.Бат-Амьдрал: “Ууган унага” бүтээл маань миний “адууны гэрэл зурагчин” гэдгийг тодотгож өгсөн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-12-11 12:11:31
altantogos

Мандалговь, 2023 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын гэрэл зурагчин Э.Бат-Амьдралтай түүний уран бүтээл, гэрэл зургийн утга санаа, өгүүлэмж, онцлогийн талаар ярилцаж, уншигчдадаа хүргэхийг зорилоо.

Дундговь аймагт гэрэл зураг сонирхож, энэ чиглэлээр мэргэшсэн хүн тийм ч олонгүй. Ялангуяа суманд амьдарч, мэргэжлийн түвшинд гэрэл зураг авч, түүнийгээ хүмүүст хүргэдэг зурагчин өөр байдаггүй. Тэрбээр сумандаа хэвлэлийн үйлдвэрлэл эрхэлдэг бөгөөд 2011 оноос гэрэл зураг сонирхож, түүнийгээ хөгжүүлж байгаа ажээ.


-Дундговь аймагт мэргэжлийн түвшинд гэрэл зураг авдаг хүн тийм олон биш байдаг. Энэ мэргэжлээр хаана суралцсан бэ, хэзээнээс гэрэл зураг авдаг болсон тухайгаа хүүрнээч?

-Миний хувьд Төрийн захиргаа, удирдлагын чиглэлээр суралцаж төгссөн. Ер нь бол гэрэл зурагчин мэргэжлээр суралцаагүй. Гэрэл зураг авах нь миний сонирхол гэх үү, 2011 оноос өөрийн сонирхлоор бие даан зураг авч эхэлсэн. Тэгээд гэрэл зураг авах сонирхол илүү нэмэгдэж, хобби болж, хөгжсөн байх гэж боддог.


-Гэрэл зургаар аливаа зүйлийн утга санааг илэрхийлэх бүрэн боломжтой. Таны хувьд ямар сэдвээр голлон зураг авч, юуг илэрхийлэхийг хүсдэг вэ?

-Миний хувьд монгол адууны гайхамшиг, өв соёл, зан заншил, адуучны ахуй амьдралыг харуулсан зургаар дагнадаг. Ер нь гэрэл зурагчдын дагнан авдаг сэдэв байдаг. Ихэнх гэрэл зурагчид үйл явдал, юмс үзэгдлийг байгаагаар нь өөрөөр хэлбэл, наадмын уралдаан, тэмцээний үйл явдал, адууны эрэмгий байдал ч гэдэг юм уу, яг тухайн үеийнх нь үйл явдлыг харуулдаг бол би үйл явдал гэхээс илүү адуу гэдэг амьтны төрөхөөс авахуулаад үхэх хүртэлх амьдралын замнал, хүнтэй холбогдож байгаа харилцаа холбоо, ахуйн өв соёлыг түлхүү гаргаж өгөхийг хичээдэг.  




-Гэрэл зурагчин бүр л хүмүүст ойлгуулахыг хүссэн зүйлээ гэрэл зурагтаа шингээдэг байж таарна. Адууны өв соёлоо гэрэл зургаар харуулж, үлдээж байгаагийн цаана том зорилго бий байх гэж харж байна. Энэ чиглэлээр судалгаа хийдэг үү?

-Адууны өв соёл бол Монгол Улсыг дэлхийд тодорхойлох үнэт зүйл гэж боддог учраас түүнийг гэрэл зурагтаа буулгахыг хичээдэг. Бидний дэлхийд ондооших, гайхуулах нэг өв соёл бол яах аргагүй энэ юм.

Мэдээж уран бүтээл хийж байгаа хүн сэдвээ судлалгүй л яахав. Судалгааны үед адууны өв соёлоос унага тамга, үрс, хөхүүрт айраг исгэх зэрэг ахуйтай холбоотой өв соёл нь тодорхой, зарим нэг нутаг дэвсгэрт хадгалагдаж үлдсэн байгааг олж мэдсэн. Энэ нутагт, хөхүүрт исгэсэн айраг хүний биед өгөх шим тэжээлээр илүү, “амьд айраг” гэдгийг илэрхийлдэг юм байна лээ.


-Гэрэл зурагчин хүний хувьд ямар мэдлэг, ур чадварууд шаардлагатай байдаг вэ?

-Өнөөдөр технологийн дэвшил гэх үү, хүн бүр л гар утсаараа зураг авч байна.

Гэхдээ мэргэжлийн гэрэл зурагчдын хувьд тухайн зүйлийн онцлог, орчны уялдаа холбоог харж, байгалийн гэрлийг зохиомол гэрэлтэй холбож, тухайн үеийн мэдрэмжийг маш сайн илэрхийлж гаргаж өгснөөрөө ялгарна.

Зүгээр л нэг болж буй үйл явдлыг гар утсаараа авахаас бүх зүйлийг тооцоолж, үгээр илэрхийлэхийг хүссэн зүйлийнхээ утга санааг камертаа буулгана гэдэг их өөр зүйл. Тиймээс энэ мэргэжил онцгой гэж боддог.


-Таны хувьд гэрэл зургийн үзэсгэлэнгээ гаргаж байсан уу?

-Бие даасан үзэсгэлэн гаргаж байгаагүй. 2024 онд өөрийн бие даасан үзэсгэлэнгээ гаргах төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ хамтарсан бүтээлийн үзэсгэлэн гаргаж байсан. Дундговь аймгийн 80 жилийн ойгоор нутгийн гэрэл зурагчин Э.Мөнхчулуун болон аймгийн Музейтэй хамтран “Дундговь-80” гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, “Онги хатан ижий”, “Алтанбүрд” зэрэг байгалийн гэрэл зургуудаар оролцсон.




Түүнээс гадна аймгийн 80 жилийн ойд зориулан гаргасан зургийн цомогт орсон бүтээлүүдийн зургийг авч хэвлэн гаргасан. БОАЖЯ-наас санал тавьсны дагуу монгол айргийг ЮНЕСКО-д бүртгүүлэхэд зориулсан гэрэл зургийн цомгийн зургуудыг бүтээсэн. Айраг исгэх технологи, хөхүүрэн дотроо айраг хэрхэн исэж байгааг харуулсан цомог бүтээсэн гэсэн үг. “Адууны өв соёл”-ыг хэл яриагаар илэрхийлэхээс гадна гэрэл зургаар ч гэсэн маш сайн илэрхийлж болдог.


-Таны бодлоор хүмүүст хүрсэн хамгийн сайн, хамгийн хайртай бүтээл нь ямар бүтээл байна вэ, уралдаан, тэмцээнд оролцож байсан амжилт ч арвин байгаа байх?

-Гэрэл зурагчин хүний хувьд бүх л бүтээлдээ хайртай. Тухайн зургийг авахад цаг хугацаа, хөрөнгө, тэвчээр, сэтгэл гээд бүх л зүйлээ зориулж, орчноо мэдэрч, гэрэл, сүүдрийг тохируулан авдаг учраас л бүгдэд нь хайртай гээд байгаа юм.

Онцолж хэлэхэд 2017 онд Эрдэнэдалай сумын Цагаан-Овоо багийн нутагт авсан “Ууган унага” гэдэг зураг маань илүү онцгой. Энэ зураг миний “Адууны гэрэл зурагчин” гэдгийг илүү тодотгож өгсөн бүтээл. “Адууны хийморь” бүтээл Улсын уралдаанд тусгай байр эзэлж, Зүүн хойд Азийн орнуудын үзэсгэлэнд Монгол Улсаас 5 зураг оролцсоны нэгээр шалгарч байсан.



Энэ жил МОНЦАМЭ агентлагаас гэрэл зурагчид болон сонирхогчдын дунд “Монголын нэг өдөр” сэдэвт гэрэл зургийн уралдаан зарлаж, тус уралдаанд “Бодол” бүтээлээрээ оролцсон. Энэ бүтээл маань 3 дугаар байр эзэллээ. Мөн 2018, 2019, 2020 онд Монголын гэрэл зурагчдын холбооноос зохион байгуулсан “Адууны хийморь” гэрэл зургийн уралдаанд оролцож, тусгай болон гуравдугаар байр эзэлж байсан.

“Бодол” зургийг харахад нэг талаас хийсвэр, нөгөө талаас бодит харагдаж байгаа бөгөөд бодол гэдэг маань энэ хоёрын нэгдэл юм гэдгийг харуулах гэж зорьсон.


-Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн их амжилт хүсье!









Холбоотой мэдээ