Хамба Д.Жавзандорж пүрэв гарагт сүсэгтэн олонд нэг өдрийн сахил хүртээнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 25 буюу зулын 25 энэ сарын 07-ны пүрэв гарагт тохионо. Энэ өдрийг монголчууд эртнээс билэгшээж, зул өргөн, буян үйлдэхэд зориулсаар ирсэн.
Учир нь эрдэмтэн, судлаачдын ном зохиолд бичсэнээр, бурхан шашныг үндэслэгч Богд Зонхова нь зургадугаар жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жил (1357 он)-ийн өвлийн эхэн сарын 25-ны үүрийн шаргал гэгээ татахуйд орчлонд мэндэлсэн байна. Мөн Богд Зонхова наймдугаар жарны шороон гахай жилийн (1419 он) аравдугаар сарын (өвлийн эхэн сар) 25-ны үдэш таалал төгсчээ. Түүнээс хойш бурхны шашинтан хэн боловч энэ өдрийг “Зулын 25” хэмээн нэрийдэж, зул өргөн, буян үйлддэг их дүйчин өдөр болгосон байна. Эл өдөр үйлдсэн буян хэдэн мянгаар арвиждаг гэж үздэг. Тиймээс нүгэл үйлдэхийг цээрлэдэг. Энэ өдрөөс хойш мал төхөөрөхийг мөн цээрлэдэг.
Тэгвэл Хамба Д.Жавзандорж пүрэв гарагт сүсэгтэн олонд нэг өдрийн сахил хүртээхээр болжээ. Эл өдөр тэргүүн их хамба лам, хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж номын айлдвар айлдаж сүсэгтэн олонд тэтгэн ариусгах нэг өдрийн сахил хүртээх аж. Мөн МБШТөв-Гандантэгчэнлин хийд энэ пүрэв гарагт тохиох зулын 25-ны өдрийн хөтөлбөр 07:00 цагаас эхэлж, баасан гарагийн 06:30 цаг өндөрлөнө. Уг хөтөлбөрийг Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх “Гандан” телевиз шууд дамжуулна.