Жүжигчин Б.Одгэрэл олон улсын театрын наадмаас шагнал хүртжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Египетийн Соёлын сайдын ивээл дор зохион байгуулж буй “Шарм Эл-Шейх” олон улсын театрын наадмаас жүжигчин Б.Одгэрэл “Шүүгчдийн нэрэмжит шагнал” хүртжээ.
Дэлхийн 57 орны 413 бүтээлээс бүрэн хэмжээний театрын бүтээлийн төрөлд 81, гудамжны театрын төрөлд 40, моно драмын төрөлд 31 буюу нийт 152 бүтээл шалгарсны нэг нь Монголын уран бүтээлчдийн “Галт шувуу” нэг хүний жүжиг байсан юм. Энэхүү жүжиг нь дээрх олон улсын наадмыг нээснээрээ онцлогтой.
“Зөгий” театрын бүтээл “Галт шувуу” нэг хүний жүжгийн зохиолыг Н.Болороо бичиж, Ч.Жавхлантөгс найруулсан байна. Жүжигчин Б.Одгэрэлийн хувьд "Галт шувуу" монодрамын Сарангийн дүрийг бүтээсэн юм.
2011 онд КУДС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөнөөс хойш 10 орчим тайз, дэлгэцийн бүтээлийн гол болон туслах дүрийг бүтээсэн тэрбээр 2019 онд “Ялагчийн цуваа” олон улсын наадмаас “Шилдэг эмэгтэй жүжигчин”, 2022 онд “Гэгээн Муза-16” олон улсын театрын наадмын “Хоёр хүний жүжгийн төрөл”-д “Хүн гөрөөс” жүжгийн Оюумаагийн дүрээр “Шилдэг эмэгтэй жүжигчин”-ий шагнал хүртэж байлаа.