ОРХОН: А.Цогмөнх: Биеийн тамирын хичээлээр дамжуулж хүүхдүүдийг зорилготой болгохыг хичээдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-11-30 16:45:30
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2023 оны арваннэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Засаг даргын нэрэмжит “Би багш” арга зүйн тэмцээнд биеийн тамирын хичээлийн судлагдахуунаар оролцсон 20 дугаар сургуулийн багш А.Цогмөнхтэй ярилцлаа.


-Та энэ уралдаанд ямар аргазүйгээ танилцуулав?

-Би боловсролын байгууллагад 17 жил ажиллаж байна. 2018 оноос “Цөм” хөтөлбөр хэрэгжиж эхлэх үед волейболын хичээлд “Хөнгөнөөс хүнд рүү шатлан сургах нь” гэдэг арга зүйгээр сурагчдадаа хичээл заадаг байсан. Үүнийгээ бататгаж бас олон хүнд таниулах зорилгоор оролцсон. Энэ арга зүйгээс хүүхдүүдийн бүтээлч сэтгэхүй хөгжиж өөрсдөө шийдвэр гаргаж өөртөө итгэх итгэл төрөх давуу талтай. Яагаад гэвэл, хүүхдүүд хичээлдээ дуртай болохын тулд эхлээд хөнгөн дасгалуудыг зааж, өөрийгөө чадаж байна, хичээж байна гэдгээ мэдрээд цаашаа хичээллэх нь чухал юм. Ингээд бага багаар шат ахиулж хөнгөнөөс хүнд рүү нь шилжүүлнэ. Хичээлээ эхлэх болон төгсөхөд нь заавал ярилцана. Ер нь аливаа хичээлд хүүхдүүдийнхээ сэтгэлзүйг бэлдэх нь чухал учир харилцан ярьж тэднийг сонсож яг энэ 40 минутдаа анхаарлаа хандуулахыг дадал болгодог.


-Тэмцээний үеэр шүүгчид ямар зөвлөгөө өгөв?

-Техникийн талаасаа зөвлөгөө өгч чиглүүлж байсан.


-“Би багш” тэмцээний зохион байгуулалт хэр болов?

-Зохион байгуулалт сайн болж байна. Шүүгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Зөвлөх болон Тэргүүлэх зэрэгтэй багш нар ажиллаж байна. Хичээлийн агуулга, заах арга зүйн талаасаа зөвлөгөө өгч, тэмцээн зохион байгуулж байгаа сургуулиуд ч маш хариуцлагатай байсан. Би өөрийнхөө сургуульд биш 1 дүгээр сургуулийн 7 дугаар ангид буюу өмнө нь огт уулзаж байгаагүй хүүхдүүдэд хичээл заасан. Энэ бүхэнд сургуулийн багш нар нь идэвхтэй оролцож багш нарт тусалж байсан.


-Энэ уралдааны ач холбогдол, үр дүнг та юу гэж дүгнэж байна вэ?

-Багш нар өөрсдийн арга зүйгээ бусдад таниулах том боломж. Бас ур чадвараа нэмж зөвлөх, тэргүүлэх зэрэгтэй багш нараасаа суралцаж мэдлэг хуримтлуулах давуу тал гэж харж байна. Сурагчдад энэ арга зүй таалагдаж байна уу, цаашид юуг нэмбэл хүүхдүүд илүү сайн ойлгох вэ гэдэгт дүгнэлт хийх боломжтой юм. Тиймээс тэмцээнд оролцсондоо баяртай байна.


-Бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхийн тулд хүүхдийг багаас нь спортод дуртай болгоход эцэг, эхчүүдэд өгөх таны зөвлөгөө?

-Боловсролын байгууллагад бага, дунд, ахлах ангийн сурагчдад чиглэсэн өөр өөр хөтөлбөр бий. Энэ нь хүүхдийн нас, сэтгэхүйд тохирсон, тэднийг хөгжүүлэхэд чиглэсэн байдаг. Жишээ нь бага ангийн сурагчдын хөдөлгөөн, эрүүл мэндийг дэмжих, чийрэгжүүлэхэд биеийн тамирын хичээл чиглэдэг бол дунд ангид техник, дасгалаар дамжуулж хөдөлгөөн болон спортын суурь чадамжийг нэмэгдүүлдэг. Ахлах ангид спортын аль нэг төрлөөр хичээллэж илүү мэргэшинэ гэсэн үг.

Энэ гурван үйл явцад хүүхдийг сайн оролцуулах хэрэгтэй. Хэрэв багадаа биеийн тамирын хичээлд дургүй бол ахлах, дунд ангидаа мөн л тийм хандлага гаргана. Иймд биеийн тамир гэдэг бол хүний эрүүл байх үндэс гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Үүний тулд багш нар ажиллаж байгаа. Эцэг, эхчүүд ч гэсэн хүүхдээ эрүүл байлгая гэвэл биеийн тамирын дасгал, хөдөлгөөн заавал хийлгэх хэрэгтэй. Ер нь боловсролын байгууллага хүүхдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлж өөрийнхөө сурах арга барилыг олж авахад нь туслах ёстой юм. Мөн хувь хүн зорилгоо олж авахад нь чиглүүлэх хэрэгтэй гэж боддог. Ялангуяа биеийн тамирын хичээлээр дамжуулж хүүхдүүдийг зорилготой болгохыг хичээдэг.


-“Сайн багш” гэж хэнийг хэлэх вэ. Таны бодлоор?

-Сурагчидтайгаа сайн ярилцаж, ойлголцохоос эхэлнэ.


-Багшийн тасралтгүй хөгжлийн үр дүнд сайн сурагч, сайн иргэн бий болно. Та өөрийгөө хөгжүүлэх болон ур чадвараа нэмэгдүүлэхдээ ямар аргачлал хэрэглэдэг вэ?

-Багшийн ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэх олон сургалт, зөвлөгөөн болдог. Аймаг болон улс, олон улсын чанартай тэмцээн уралдаан, сургалтад аль болохыг хамрагдахыг хичээдэг. Гэхдээ миний хувийн бодол гэвэл би хүн бүрээс суралцахыг хичээдэг. Ахмад, залуу үе болон хүүхэд, багачуудаас ч сурч байдаг. Надад миний алдаа дутагдлыг хэлж байгаа, зөвлөгөө өгч байгаа хүн бүрийг “миний багш” гэж хүлээж авдаг. Хүн бүрээс суралцахыг хичээдэг. 


-Энэ тэмцээнд анх удаа оролцож байна уу?

-Тийм ээ. Орхон аймгийн Засаг даргын нэрэмжит  “Би багш” тэмцээн цаг үеэ олсон маш чухал уралдаан гэж бодож байна. Аймгийн ЗДТГ, БШУГ хамтран зохион байгуулж 14 хичээлээр хоёр үе шаттайгаар зохион байгуулсан. Би сургуулиасаа шалгараад аймгийн хэмжээнд өрсөлдсөн. Шилдэг 14 багшийг гадаадад туршлага судлах, эрүүл мэндийн үзлэгт хамруулах юм билээ. Манай багш нар маш идэвхтэй оролцсон.

-Танд амжилт хүсье. Баярлалаа.

 

 

 

Холбоотой мэдээ