ДУНДГОВЬ: “Хүүхдээс хүүхдэд” бичил төслийн үр дүнг хэлэлцэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-11-29 12:23:10
altantogos

Мандалговь, 2023 оны арваннэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. “Тэгш хамруулах боловсролыг дэмжих төсөл”-ийн хүрээнд Дундговь аймгийн Сайнцагаан суманд хэрэгжсэн “Хүүхдээс хүүхдэд” бичил төслийн хаалтын ажиллагаа энэ сарын 28-нд болж, үр дүнгээ хэлэлцлээ.  


Үйл ажиллагаанд төслийн сайн дурын ажилтан хүүхдүүд, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөөлөл, тэдний эцэг эх, “Тэгш хамруулах боловсролыг дэмжих төсөл”-ийн зорилтот сургууль, цэцэрлэгийн багш, удирдлагууд, аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, холбогдох албан тушуултнууд, төслийн багийн гишүүд оролцлоо. 


Тус төсөл 2022 оны 11 дүгээр сараас эхлэн хэрэгжсэн бөгөөд сургууль, цэцэрлэгийн багш, сайн дурын сурагчдыг бэлтгэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах чиглэлээр чадавхжуулж, тэдний хөгжил, оролцоог нэмэгдүүлэх зорилготой байжээ.


Төслийн хүрээнд Сайнцагаан сумын ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдаас сайн дурын 22 хүүхдийг бэлтгэн, тэд тархины саажилт, даун, аутизм, оюуны бэрхшээлтэй 20 хүүхдийн гэрээр очиж, 460 удаагийн үйлчилгээг үзүүлжээ.



Мөн төслийн зорилтот Говийн ирээдүй цогцолбор сургууль, Сайнцагаан сумын 3 дугаар цэцэрлэгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажилладаг багш нарт мэргэжлийн зочин багшаар дамжуулан арга зүйн дэмжлэг үзүүлж, чадавхжуулах үйл ажиллагааг зохион байгуулсан байна.


Төслийн үр дүнгийн уулзалтын үеэр аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр хэлсэн үгэндээ “Хүүхдээс хүүхдэд” бичил төсөл аймаг орон нутагт төдийгүй улсын хэмжээнд сайн жишиг болж буйг тэмдэглэж, төслийг орон нутагтаа нутагшуулан, үргэлжлүүлэхийг бодлогоор дэмжин хамтран ажиллах  саналтай байгаагаа илэрхийлжээ.


Тус төслийн багийн ахлагчаар “Дүүрэн бэлэг” хүүхдийн боловсрол, хөгжилд үйлчлэх төвийн гүйцэтгэх захирал Б.Гэрэлсүрэн, гишүүнээр аймгийн БШУГ-ын хүүхдийн хөгжил хамгаалал, тэгш хамруулан сургаа боловсрол хариуцсан мэргэжилтэн Б.Цэцэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооны салбарын тэргүүн Ц.Батсайхан нар ажилласан аж. Мөн “Тэгш хамруулах боловсролыг дэмжих” төслийн Дундговь аймгийн зохицуулагч Э.Мөнхжаргал хамтран ажилласан байна.


“Тэгш хамруулах боловсролыг дэмжих” төсөл Азийн Хөгжлийн банк (АХБ)-аас Ядуурлыг бууруулах Японы сангийн буцалтгүй тусламжаар тус аймагт 2021 оны 12 дугаар сараас эхлэн хэрэгжиж байгаа ба Хөгжлийн бэрхшээлтэй охид, хөвгүүдийн боловсролын хамрагдалт болон чанарыг сайжруулахад Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх зорилготой юм.











Холбоотой мэдээ