Украинд нэр дэвшигчийн статус олгохыг Европын парламент дэмжлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-11-29 10:11:02

БРЮССЕЛЬ. 2023 оны арваннэгдүгээр сарын 29 /VoA/. Европын Холбоонд /ЕХ/ гишүүнээр элсэх нэр дэвшигчийн статусыг Украин улсад олгох тухай Европын Зөвлөлийн шийдвэрийг Европын парламент дэмжлээ.  


Энэ тухай Европын парламентын цахим хуудсанд 11 дүгээр сарын 28-ны мягмар гарагт мэдээлсэн бөгөөд Европын парламент, Украины Дээд Рада хооронд харилцан ойлголцлын шинэчилсэн санамж бичигт гарын үсэг зурах нь чухал болохыг онцлон тэмдэглэсэн байна. 


“Үүнтэй холбогдуулан нэр дэвшигчийн статусыг Украин улсад олгох тухай Европын Зөвлөлийн 2022 оны шийдвэрийг тууштай дэмжиж байгаагаа Ерөнхийлөгч нарын Бага хурал дахин илэрхийлж, тус улсыг гишүүнээр элсүүлэх хэлэлцээг эхлүүлэх тухай 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Европын Комиссоос өгсөн зөвлөмжийг сайшааж байна. Энэ зөвлөмжийг 12 дугаар сард болох Европын Зөвлөлийн хурлаар батална гэж найдаж байна" гэж дээрх мэдэгдэлд онцолсон байна.


Түүнчлэн Украин улс "шинэчлэлийн долоон алхам"-ын хүрээнд хийх шинэчлэлийг үргэлжлүүлнэ гэж найдаж байгаагаа илэрхийлээд, ингэснээр Европын Холбооны Зөвлөл ба Европын Комисс "тус улсыг эгнээндээ нэгтгэх хэлэлцээг түргэн эхлүүлэх оновчтой замыг тодорхойлж чадна" гэдгийг дурджээ. 




Холбоотой мэдээ