ЗАВХАН: Мал сүргийн тоотой харьцуулахад худгийн тоо хангалтгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-11-20 16:00:14

Улиастай, 2023 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Тус аймаг орон нутгийг хөгжүүлэх сан болон төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр 8 суманд худаг гаргах, засварлах ажлыг хийж байна.


Тухайлбал орон нутгийг хөгжүүлэх сангийн 84.2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баянтэс, Баянхайрхан сумдад, 10 сая төгрөгөөр Алдархаан сумын худгийн засварын ажлыг хийжээ.

Мөн Адапт төслийн 196.6 сая төгрөгийн санхүүжилтээр Алдархаан, Сонгино, Завханмандал, Цагаанчулуут, Шилүүстэй сумдад худаг гаргах ажлыг хийж байна. Энэ жил орон нутгийн хөгжлийн сангийн 19 сая төгрөгийн өртгөөр Баянхайрхан сумын ундны усны худгийг засварласан.


Тус аймагт худаг уст цэгийн тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа хэдий ч говийн бүсийн сумдын нутагт цас ороогүйн улмаас мал усгүйдэх. Говийн малчдад бэлчээр нь байдаг ч худаг, усгүйгээс ашиглаж чадахгүй тохиолдол цөөнгүй бий.


Харин тухайн бэлчээрт усан хангамж сайжирч, худагтай болсноор малчид отор нүүдэл хийх, бэлчээр нутгаа сэлгэж ашиглах боломж бүрддэг юм. Аймгийн нийт газар нутагт бэлчээрлэх мал сүргийн тоотой харьцуулахад аймгийн хэмжээний бүртгэлтэй, ажиллагаатай худаг уст цэгийн тоо хангалтгүй байгаа талаар аймгийн ЗДТГ-ын ХБХОХ-ээс мэдээлэв.


Ташрамд тус аймгийн хэмжээнд өнгөрсөн онд нийт 542 худаг, усан сан тоологдсоноос 35.8 хувь буюу 194 нь өөрийн эзэмшлийн, 64.2 хувь буюу 348 нь дундын эзэмшлийн худаг, усан сан байна. Харин 6000 гаруй малчин өрхийн 13422 малын хашаа саравч тоологдсон байна. 

Холбоотой мэдээ