ӨВӨРХАНГАЙ: Б.Цэрэндагва: Өнөө шөнө болон 4,5-нд шилжих шөнө цасан шуургатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-11-01 18:19:50

Арвайхээр, 2023 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Цаг агаарын нөхцөл байдлын талаар аймгийн УЦУОША-ны синоптик инженер Б.Цэрэндагваас тодрууллаа.


-    11 дүгээр сард цаг агаарын нөхцөл байдал Өвөрхангай аймагт хэр байх вэ?

Нутгийн баруун урд хэсэг буюу Баруунбаян-Улаан, Богд сумын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар олон жилийн дундаж түвшинд байна.


Агаарын температурын хувьд 11 дүгээр сарын 4-нөөс нийт нутгаар хүйтэрч, өдөртөө -7, шөнөдөө -12 градус хүйтэн болох төлөвтэй байна. Хур тунадасны хувьд ихэнхдээ олон жилийн дунджийн орчим байх боловч 11 дүгээр сарын 1-2-нд шилжих шөнө буюу энэ шөнө ихэнх нутгаар хур тунадастай. Ялангуяа, нутгийн хойд хэсгээр цас орно. Мөн 3-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орох бол 4-5-нд шилжих шөнө нийт нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Мөн энэ өдрүүдэд говь талын нутгаар салхины хурд 10-12 м/с, зарим үед 16-18 м/с хүрч ширүүснэ.


-    Өвөрхангай аймагт зун, намрын улиралд цаг агаар, уур амьсгалын хувьд нөхцөл байдал ямар байв?

-   Зун 6 дугаар сард ургамлын ургалтын байдал тааруу байсан бол 7 дугаар сараас хур бороо орж, нийт нутгийн 80 орчим хувьд газрын гарц сайхан болсон. 8 дугаар сард хур тунадас элбэгшиж, ногооны ургалт 90 хувьд хүрсэн. Гэвч нийт нутгаар бэлчээрийн даац хэтрэлттэй байгаагийн улмаас хадлан, тэжээл авах хэмжээний өвс ногоо ургаагүй. Манай аймгийн 2, 3 сумаас бусад сумын нутаг дэвсгэрт бэлчээрийн даац олон дахин хэтрэлттэй гэсэн судалгаа гарсан.

10 дугаар сард цаг агаар тогтуун, дулаан байлаа. Сарын эхэнд бага хэмжээний хур тунадас орсон бол бусад үед нийт нутгаар хур тунадасгүй байсан.


-    Зун ус ихтэй аадар бороо олон давтамжтай орсон. Байгалийн гамшигт үзэгдэл хэр болсон бэ?

-    Гамшигт үзэгдэл 8 дугаар сарын эхээр Хайрхандулаан суманд хүчтэй аадар бороо орсны улмаас үер бууж, гэр бүлийн хоёр хүн амиа алдсан харамсалтай явдал гарсан. Баянгол сумын хойд багт том хэмжээний мөндөр орж, 200 гаруй мал хорогдон иргэд эд хөрөнгө, мал сүргээрээ хохирсон. Мөн айлын хашаа хороо эвдрэх, гэр нурах, машин тэрэг голд суух, урсах гэхчлэн багагүй хохирол учирсан байгаа.



-    Цаг уурын байгууллагаас цаг агаарт зориудаар нөлөөлөх ажиллагааг хэдэн удаа явуулсан бэ?

-   Хөрсний чийг, газрын гарцыг сайжруулж, хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх, ган, цөлжилтөөс хамгаалах зорилгоор Цаг агаарт зориудаар нөлөөлөх ажлыг 3-10 дугаар сар хүртэл зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд Хурын шим, Онги 1, 2, 3, 4 гэсэн дөрвөн экспедиц ажиллаж, тухайн орж ирсэн үүлний процессоос хамаарч, сард 1-3 удаа зориудаар нөлөөлөх ажиллагааг явуулсан.

 

Холбоотой мэдээ