ДУНДГОВЬ: “Миний хөөрхөн шүдний аялал” хүүхэлдэйн жүжиг бяцхан үзэгчдэд хүрч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-10-26 16:56:22
altantogos

Мандалговь, 2023 оны аравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гавьяат жүжигчин, Зууны манлай уртын дуучин Ж.Дорждагвын нэрэмжит "Тэнгэрийн тэмдэг" хүүхдийн театрын хамт олон “Миний хөөрхөн шүдний аялал” хүүхэлдэйн жүжгийг бяцхан үзэгчдэдээ толилуулж байна.


Шүдээ угаах дургүй, чихэр, ундаанд дуртай 5 настай Моонон хүүгийн адал явдлаар хүүхэд багачуудад шүдээ тогтмол угааж, амны хөндийн эрүүл мэндээ хамгаалах ойлголт өгч буй тус хүүхэлдэйн жүжгийг “Миний хөөрхөн шүдний аялал” үндэсний аяны хүрээнд зохион байгуулж байгаа аж.


"Гүүд Нэйборс" Олон улсын ТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газар 2020 оноос эхлэн бага насны хүүхдэд амны хөндийн эрүүл мэндийн мэдлэг, ур чадвар олгох, эрүүл ахуйн зөв дадалд сургах, шүд цоорох өвчний тархалтыг бууруулахад хувь нэмэр оруулах зорилгоор уг аяныг эхлүүлсэн ба Дундговь аймагт энэ оны 10, 11 дүгээр сард зохион байгуулах ажээ.



Аяны хүрээнд Монгол Улсын Хүүхэлдэйн театр болон Дундговь аймгийн “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театртай хамтран “Миний хөөрхөн шүдний аялал” хүүхэлдэйн жүжгийг бага насны хүүхдүүдэд үзүүлэх, Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад зориулсан “Амны хөндийн эрүүл мэнд” сургалт зохион байгуулах, эцэг эхчүүдийн дунд тухайн сэдвийн хүрээнд уулзалт, лекц хийх, гар зураг болон богино хэмжээний бичлэгийн уралдаан зарлах зэрэг ажлыг төлөвлөсөн байна.



Жүжгийн талаар "Тэнгэрийн тэмдэг" хүүхдийн театрын дарга А.Ууганбаяраас тодруулахад, ”Миний хөөрхөн шүдний аялал хүүхэлдэйн жүжиг” маань үлгэрийн хэлбэрээр бага насны хүүхдүүдэд чихэр ундаагаа багасгах, хэрэглэсэн ч гэсэн шүдээ тогтмол угаадаг байхыг ойлгуулж байна. Хүүхдүүд үлгэрт дуртай байдаг, үзсэн жүжгээ бодитой юм шиг хүлээн авдаг.


Эцэг эх нь хэдийгээр шүдээ угаахыг зөвлөдөг ч хүүхдүүд ач холбогдлыг нь төдийлөн сайн ойлгодоггүй бол жүжигт гарч буй үйл явдлуудаар илүү ойлгон хүлээн авч байна. 


Манай хамт олон үйлчлэгчээсээ эхлээд л бүх ажилчид маань жүжигт орж тоглож байгаа. Одоогоор 500 орчим хүүхэд үзжээ. Сайнцагаан сумын 8 цэцэрлэг, 5 сургуулийн бага ангийн хүүхдүүдэд тоглочихоод 15 сумандаа тоглоно” гэлээ.


Жүжиг үзсэн бяцхан хүүхдүүд “үлгэр үзээд гоё байсан, шүдээ байнга угааж байхгүй бол шүд нь цоорно, Мөнгөн өвөөгийнхөө үгэнд орж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. 









Холбоотой мэдээ