Хэнтий аймгийн Хэрлэн суманд хонины цэцэг өвчин гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
gantuya@montsame.mn
2016-09-21 10:28:49

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Ишгэн толгой багийн “Эргэл” гэдэг газар хонины цэцэг өвчин илэрсэн байна.

Энэ сарын 13-ны өдөр малчин Д.Буянтын суурь хонины 4 нь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид шинжилжээ. Улмаар энэ сарын 16-ны өдрийн 635 дугаар хариу гарч, "Хонины цэцэг” өвчин болох нь тогтоогдсон байна.

Малын гоц халдварт, олон улсын худалдааны хорио цээртэй хонины цэцэг өвчин нь хонь, ямаанд өндөр халуурал, арьс, салст бүрхүүлд гүвдрүүт цэврүү үүсэж, дотор эрхтний үрэвслийн шинжээр илэрдэг. 2015 онд Сүхбаатар, Дорнод,  Хэнтий,  Дорноговь зэрэг 4 аймгийн 24  суманд давхардсан тоогоор 47 удаагийн тохиолдол оношлогдож 1431 мал өвчилснийг зааврын дагуу устгаж, эрсдэл бүхий бүс нутгийн өвчлөмтгий мал сүргийг вакцинжуулалтад хамруулж байсан. 

2016 он гарсаар Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Асгат, Сүхбаатар, Мөнххаан, Түмэнцогт, Баяндэлгэр, Халзан, Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Дорнод аймгийн Баянтүмэн, Төв аймгийн Баяндэлгэр сумдад хонины цэцэг өвчний сэжиг илэрч лабораторийн шинжилгээгээр онош батлагдаад байгаа.  

Хонь, ямаа халуурах, арьс салст бүрхүүлд цэврүүт гүвдрүү үүсэх ус, тэжээлдээ дургүй болох, халуурах шинж тэмдэг илэрвэл харьяа сум, дүүргийн мал эмнэлэгт яаралтай мэдэгдэхийг ОБЕГ-аас анхааруулж байна. 

Н.Туяа

 

Холбоотой мэдээ