Биеийн тамир, спортын хуулийн шинэчилсэн найруулгад допингийн эсрэг нэг бүлэг нэмжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хурлаар допингтой холбоотой асуудлыг хэлэлцжээ.
Энэ талаар Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ “Бид допингийн эсрэг олон улсын байгууллагын төлөөлөлтэй уулзлаа. Биеийн тамир спортын хуулийн шинэчилсэн найруулга бэлэн болсон. Намрын чуулганаар энэ хуулийг батална. Энэ хуульд допинг болон допингийн эсрэг үйл ажиллагаатай нэг бүлэг заалт нэмсэн. Ингэхдээ ВАДА-гаас тавьдаг шалгуурыг бүхэлд нь оруулсан. Тус байгууллагаас бидэнд үндэсний дүрмээ яаралтай батлах зөвлөмж өгснийг биелүүлэв. Мөн бидэнд ирүүлсэн зургаан төрлийн зөрчлийг арилгахаар ажиллаж байна. БНСУ-ын лаборатори руу бүх төлбөрийг Засгийн газраас шилжүүлсэн. Эдгээр зөрчил бүгд шинжилгээтэй холбоотой” гэв.
Тэгвэл Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын дарга Ц.Уугангэрэл “Засгийн газар спортын хороотой хамтарч ажиллаж чадна гэж үзэж энэ ажлыг авсан. Олон улсын допингийн эсрэг конвенцыг биелүүлэхээр уг асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд хэлэлцэж, шийдвэрлэж байна. Гэхдээ байдал тийм ч хэцүү нөхцөлд очоогүй, стандарт шаардлага байдаг. Үүнийг сайтар ойлгох хэрэгтэй. Допингийн асуудлаа шийдвэрлэхгүй бол ирээдүйд “Цагаан туг” дор олимпод орж болзошгүй гэж улс болгонд шаардлага тавьдаг. Энэ зөрчил бол шинжилгээтэй холбоотой. Учир нь 2021 онд ковидоос үүдэлтэй шинжилгээнүүд нислэгээс шалтгаалж хоцорсон. Мөн олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн төлбөрийн асуудал байсан. Нийт зургаан асуудлын нэгийг нь бүрэн шийдсэн” хэмээн ярилаа.