БАЯН-ӨЛГИЙ: "Макс" групп орон нутгаас 250 ажилтан авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-10-12 10:47:29

Өлгий, 2023 оны 10 дугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Үндэсний бүтээн байгуулагч "Макс" групп Баян-Өлгий аймгаас 250 ажилтан авна.


Үүнтэй холбоотойгоор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран энэ сарын 11-ний өдөр Өлгий хотод "Ажлын байрны нээлттэй өдөрлөг" зохион байгуулав.


Өдөрлөгийн үеэр тус группийн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Д.Нямлхаажав тэргүүтэй хүмүүс байгууллагын хүний нөөцийн бодлого, салбар компаниудын үйл ажиллагаа, нээлттэй ажлын байрны талаар мэдээлэл өгөв.


"Макс" групп компани нь энэ удаа өөрийн харьяа компани болох "Мастерфүүдс" ХХК-д 3, "Бургер кинг" ХХК-д 10, "Сүү" ХК-д 9, "Макс хүнс" ХХК-д 72, "Макс өргөө" ХХК-д 72, "Арж болон Рөүд" ХХК-ийн Бигэр, Тайширд хэрэгжүүлж бус төсөлд 15, "Хан Алтай Ресурс" ХХК-д 69, нийтдээ 250 ажилтан авахаар төлөвлөж байгаа.


"Ажлын байрны нээлттэй өдөрлөг"-т орон нутгийн 300 гаруй иргэн оролцож, зарласан ажлын байрны мэдээлэлтэй танилцав.


Ташрамд сануулахад, одоо тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүртгүүлж, ажил идэвхтэй хайж байгаа 1300 гаруй иргэн байгаа. Мөн хөдөлмөр эрхлэх чадвартай 8568 ажилгүй иргэн байна. Хөдөлмөр эрхлэх чадвартай нийт иргэдийн 42 хувь нь эмэгтэйчүүд, 3484 нь дээд боловсролтой хүмүүс, 4351 нь 18-34 насны залуучууд ажээ. 

Холбоотой мэдээ