ӨВӨРХАНГАЙ: 60 гаруй багшийн орон тоо дутагдалтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-10-06 18:23:46

Арвайхээр, 2023 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Дэлхийн багш нарын 29 дэх, Монголын багш нарын 57 дахь удаагийн баярын хурлыг өнөөдөр зохион байгуулж, тэргүүний багш нарыг шагнан урамшууллаа.


Аймгийн хэмжээнд төрийн өмчийн 32 ЕБ-ын сургуульд 1296 багш, төр болон хувийн өмчийн 49 СӨББ-д 400 гаруй багш, Политехник коллежид 69 багш ажиллаж байна. Энэ жилийн байдлаар байгалийн ухаан, технологи, дуу хөгжмийн багшийн 60 гаруй орон тоо дутагдалтай байгаа аж. “Цаашид багшийн ажиллах орчин нөхцөлийг илүү сайжруулж, чанартай боловсрол олгоход салбарын удирдлагуудтай хамтран ажиллана” гэдгийг Засаг даргын үүрэг гүйцэтгэгч И.Доржсүрэн хэллээ.


Баярын хурлаар сум орон нутгийн боловсролын байгууллагад тогтвор суурьшилтай ажиллаж буй зургаан залуу багшийг Засаг даргын нэрэмжит мөнгөн шагнал буюу  тус бүр 2 сая төгрөгөөр шагнан урамшуулж, мөн шилдэг, тэргүүний багш нарт төрийн одон медаль, орон нутгийн шагналыг гардууллаа. 


2023 онд аймгийн боловсролын салбарт улс, орон нутгийн 40 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хоёр сургууль, гурван цэцэрлэг, нэг дотуур байр, гурван спорт заал, гурван сургууль, гурван цэцэрлэгийн барилгын өргөтгөлийг шинээр барьжээ. Мөн 2.4 тэрбум төгрөгөөр 23 барилгад их засварын ажил хийсэн байна.



Холбоотой мэдээ