"Ур чадварын эрэлтийн судалгаа"-ны үр дүнг танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-10-06 11:54:08

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. ХНХЯ-ны дэргэд Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Онцгой байдлын үеийн дэмжлэг, хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-өөс “Монгол Улс дахь ур чадварын эрэлтийн судалгаа”-ны үр дүнг танилцууллаа. 


Судалгаагаар манай улсын ажиллах хүчинд дутагдаж байгаа болон сайжруулах шаардлагатай ур чадварыг мэргэжилтэй, мэргэжил шаардахгүй ажлын байранд ажиллаж буй ажилтан тус бүрээр тодорхойлж, ур чадварын зөрүүг багасгах бодлогын зөвлөмжийг санал болгожээ. Түүнчлэн ур чадварын хангалтгүй байдал нь аж ахуйн нэгж, байгууллагад ямар сөрөг нөлөөтэй вэ, үүнийг сайжруулахад байгууллагууд ямар арга хэмжээ авах, боловсролын систем ур чадвартай ажилтан бэлтгэж чадаж байгаа эсэхийг судалгаагаар нотолж танилцуулсан нь бодлого боловсруулагч, хөдөлмөрийн зах зээлд оролцогч талуудад ач холбогдолтой мэдээлэл болсныг ХНХЯ-наас мэдээлэв.


Тус яамны харьяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт 2010 оноос барометрийн судалгаа буюу хөдөлмөрийн зах зээлийн богино хугацааны эрэлт, ажиллах хүчний хомсдолыг тодорхойлох судалгаа хийж эхэлжээ. Энэ онд барометрийн судалгааг 21 аймаг, 9 дүүрэг, эдийн засгийн 18 салбарын 2500 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд Ур чадварын эрэлтийн судалгаа”-г анх удаа олон улсын зөвлөхүүдийн оролцоотой хийж, Монгол Улсын ажиллах хүчний ур чадварын дутагдал, түүний шалтгаан, үр нөлөөг тодорхойлон, цаашид хийх үйл ажиллагааны зөвлөмж боловсруулнаараа онцлогтой байлаа

Судалгааны үр дүнг танилцуулах үйл ажиллагаанд ХНХ-ын дэд сайд С.Зулпхар, ХНХЯ, БШУЯ, Дэлхийн банкны албаны хүмүүс, үйлдвэрчний байгууллагын төлөөллүүд, мэргэжлийн зөвлөл, холбоод, сургалтын байгууллага, эрдэмтэн судлаачид оролцож, санал, дүгнэлтээ хэлэлцүүллээ.

Холбоотой мэдээ