БАЯНХОНГОР: ХАА-н кластер төслийг хэрэгжүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР![](/files/651cd944c252d.jpeg)
Баянхонгор, 2023 оны 10 дугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн төвийн төвлөрлийг сааруулах, орчин үеийн төлөвлөлттэй дагуул хотыг бий болгох зорилгоор "Шинэ суурьшлын бүс"-ийг байгуулж буй. Тус бүсэд хөдөө аж ахуйн кластер төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд эхний ээлжийн байгууламжууд удахгүй ашиглалтад орно.
Хөдөө аж ахуйн кластер төслийн хүрээнд Баянхонгор аймаг хүнсний ногоогоо эрүүл хөрсөндөө өөрсдөө тариалж, дотоодын хэрэгцээгээ хангах, тариаланчид болон малчдын хөдөлмөрийн үр шимийг хамгаалах, бүтээгдэхүүнийг нь зөв технологиор хадгалах орчин үеийн стандарт хөргүүр бүхий том зоорь байгуулж байна. Мөн дотоодын нөөц бололцоо, давуу талдаа түшиглэн гадаадын зах зээлд өндөр өртгөөр бүтээгдэхүүн нийлүүлэх буюу Ингэний сүүний үйлдвэр байгуулах төслүүдийг хэрэгжүүлж байгаа юм.
Ингэний сүүний үйлдвэрийн барилгыг барьж улсын комисс хүлээж авсан ба ирэх жил тэмээ бүхий сумдад ферм байгуулан эхний бүтээгдэхүүнээ боловсруулан олон улсын зах зээлд нийлүүлэх бол 1000 тоннын мах ногооны зоорь энэ онд ашиглалтад бүрэн орно.
Мөн “Баян өсөх агро” төслийн хүрээнд тус аймаг хүнсний ногоо, малын тэжээлийн ургамлаа өөрийн газар нутагтаа тариалахаар бэлтгэл ажлуудаа хангаж байгаа аж.