ОРХОН: Г.Батбуян: Монгол Улс хүнсний ногооны үрийн генбанктай болох ёстой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-10-02 10:26:17
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2023 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол Улсад анх удаа “Гайхамшигт помидор” наадам  зохион байгуулсан өрхийн тариаланч Ганбаатарын Батбуянтай ярилцлаа. Тэрээр биотехнологич, генетикч мэргэжилтэй юм.

-“Гайхамшигт помидор” наадам хоёр дахь жилдээ боллоо. Энэ жил өмнөхөөсөө олон хүн оролцсон бас олон хүн өрхийн тариалан эрхэлсэн, төрөл бүрийн сортын лооль тарьсан гээд өөрчлөлт их харагдлаа. Та яагаад ер нь  улаан лоолийг ингэж онцолж тариалав, мөн наадмыг зохион байгуулж, санаачилсан шалтгаан юу байв?

-Би МУИС-ийг Биотехнологич, генетикч мэргэжлээр төгссөн. Өрхийн тариаланг дөрөв дэх жилдээ эрхэлж байна. Миний анхны тарьсан ногоо бол улаан лооль. Улаан лооль нь дэлхийд хэрэглээгээрээ цагаан будаа, төмсний дараа ордог. Монголчууд л бага хэрэглэдэг болохоос бусад улс орон маш ихээр тарьж, хоол хүнсэндээ ашигладаг. Учир нь улаан лооль нь амт, шим тэжээлээрээ бусад ногоо, жимснээс хавь илүү. Хүн төрөлхтөн лоолийг хэрэглээд 250 жил болж байна. Бас хортой байж магад гээд хэрэглээгүй 200 жил болсон  гэдэг. Тэгэхээр улаан лоолийг хүн төрөлхтөн  500 жилийн өмнөөс мэддэг гэсэн үг юм.

Улаан лооль нь умами амттай учраас хүмүүс их  татагдсан гэдэг. Умами гэдэг нь амтлаг, зөөлөн амтыг хэлж байгаа юм. Энэ амтыг бий болгож буй гол найрлага нь  глутамат хүчил юм. 1900 оны үед Японы нэгэн эрдэмтэн Германд сурч байхдаа амтны талаар судалгаа хийж, хүмүүс гашуун, исгэлэн, чихэрлэг, давслаг гэдэг амтыг мэддэг юм байна. Харин  шар буурцаг, мах, мөөг, улаан лооль, хөхний сүүнд өмнөх дөрвөөс өөр амт байгааг судалж энэ нь умами буюу амтлаг амт юм байна гэж илрүүлсэн гэдэг. Энэ гоё амтыг бий болгоод байгаа зүйл нь глутамат амин хүчил юм. Тиймээс даршилсан мөөг, улаан лооль, мах илүү гоё амттай байгаагийн учир энэ.

Нөгөө талаас монголчууд далд өлсөглөнд нэрвэгдэж байна. Бид цөөн нэр төрлийн хүнсний ногоо хэрэглэдэг учраас шим тэжээлээ хангалттай авч чадахгүй байна. Иймд улаан лоолийг өргөн хэрэглээсэй гэж бодож тарьж эхэлсэн. Дараа нь үүнийгээ өргөн хүрээнд ойлгуулахын тулд “Гайхамшигт помидор” фестивалийг 2022 онд санаачилж зохион байуулсан. Энэ жилийнх өнгөрсөн жилийнхээс олон хүн оролцсонд баярлаж байгаа.

-Улаан лоолийн шим тэжээлийн талаар дурдвал?

-Дэлхийд жилд 182 сая тонн улаан лооль тарьдаг гэсэн судалгаа бий. Улаан лооль нь хөгшрөлтийн эсрэг, антиоксидантын агууламж өндөртэй. Хүмүүс залуу насаа хэвээр нь хадгалахын тулд лоолийг их хэмжээгээр хэрэглэдэг.  Нийт 113 мянган сорт байдаг. Янз бүрийн өнгө, хэлбэртэй. Хүмүүс үүнийг хараад генийн аргаар гаргаж авсан гэж андуурдаг. 1520 онд Эрнин Кортес гэдэг Испани хүн одоогийн Мехико хотын Ацтекийн нийслэлд нил ягаан өнгийн болон шар, хар, үрлэн улаан лооль зарж байсныг эзэн хаандаа аваачиж өгсөн гэдэг. Тэгэхээр эртнээс ийм олон өнгийн лооль байсан гэсэн үг. Харин монголчууд 1940 оноос улаан лооль тариалж эхэлсэн юм билээ.

Ер нь өнгөнөөсөө шалтгаалаад лоолийн шимт болон эмт чанар нь өөр байдаг. Хар лооль хавдрын эсрэг үйлчилгээтэй бол ногоон нь хүний биеийн ерөнхий дархлааг дэмждэг. Нэг төрлийн ногооноос бусад ногооноосоо авч болох шим тэжээлийг авч болдог нь улаан лооль юм. Тиймээс монголчууд үүнийг өдөр тутамдаа хэрэглэх хэрэгтэй. Улаан лоолийн хэрэглээ болон тариалалтаар нь улс орныг жагсаахад Монгол Улс эхний 130-д эрэмбэлэгдээгүй байсан. Нэлээн хойгуур байнаа л гэсэн үг. Харин хоол, хүнстэй холбоотой өвчлөлөөрөө дээгүүрт жагсаж байна. Энэ чинь хүн амын эрүүл мэндэд аюулын харанга дэлдэж байна  гэсэн үг.

 Бид төмс, лууван, байцаа, хүрэн манжин, шар манжин зэрэг цөөн нэр төрлийн хүнсний ногоо хэрэглэдэг. Байгалийн жимсээ ч сайн, хангалттай идэж чаддаггүй. Дээрээс нь шинэ хүнс огт хэрэглэдэггүй. Долоогоос есдүгээр сар хүртэл шинэ ногоо идээд л болоо. Тэгэхээр чинь яаж эрүүл байх юм. Бид хүнснээсээ шим тэжээлээ авч байх ёстой байтал шинэ ногоо, олон нэр төрлийн ногоо идэж чадахгүй байгаа нь миний хувьд маш харамсалтай санагддаг. Тиймээс би өөрөө улаан лооль тарьж эхэлсэн, олон хүнийг өөрсдөө ногоогоо тарьж сурахад нь туслахаар шийдсэн.

-Монголчууд эртнээс махаа идэж ирсэн учир хүнсний ногооны талаарх ойлголт багатай.  Тэр нь ч өнөөдөр хооллолтонд нь нөлөөлж байна. Үүнийг өөрчлөх  цаг нь ирсэн, гэхдээ яаж?

-Монгол Улс 3,5 сая хүн амтай. Гучин таван мянган  тариаланчтай.  Энэ 35 мянган тариаланчийн 75 хувь нь өрхийн тариаланч, 25 хувь нь аж ахуйн нэгж байна гэсэн судалгааг Азийн Хөгжлийн Банк гаргасан байсан. Тэгэхээр Монгол Улсад өрхийн тариаланчдын “нуруун дээр” их ачаа байна гэсэн үг. Тэд ногоогоо эрүүл, зөв аргаар тарьж байна уу гэдэг маш чухал болж байгаа юм. Иймд юуны өмнө газар тариаландаа бид шинэ технологи нэвтрүүлэх ёстой. Хоёрт, тариаланчдыг нэмэх хэрэгтэй. АНУ-д 35 сая буюу  хүн амынх нь 10 хувь нь хүнсний ногоо болон хүнс үйлдвэрлэлийн салбарт ажилладаг гэсэн бол Монголд хүн амынх нь 1 хувь газар тариалангийн салбартай холбоотой байна. Энэ маш муу тоо. Хангалтгүй тоо. Бид эрүүл байя гэвэл өөрсдөө хүнсээ зөв технологиор тарих хэрэгтэй. Өрхийн 0.7 га газартаа ядаж ногоо тарьж сурмаар байна. Энэ газраа эдийн засгийн эргэлтэнд оруулмаар байна.

Дэлхийд 1050 нэр төрлийн хүнсний ногоог тарьдаг бол Монгол Улс ердөө 30 орчим нэр төрлийн хүнсний ногоо тарьдаг. Арван жилийн өмнө бид броккилиг мэддэггүй байлаа. Тэгвэл одоо тарьж байна, хэрэглэж байна. Монголд импортоор орж ирж байгаа хүнсний ногооны дийлэнхийг чинжүү эзэлдэг. Тэгэхээр бид монголдоо тарьж, ургуулж болох ногоогоо их хэмжээгээр, хүн бүр тарьж эхэлмээр байна. Үүнд тохирсон технологийг нэвтрүүлэх хэрэгтэй гэж боддог.

   

ТЕХНОЛОГИ, ЧАНАРТАЙ ҮР, МОНГОЛД ТОХИРСОН ХҮЛЭМЖ ХЭРЭГТЭЙ



-Газар тариалангийн салбарт технологи нэвтрүүлэх, тариаланчдаа хөгжүүлэх ёстой гэдгийг сүүлийн үед их ярих болсон.

-Юуны өмнө монголын эрс, тэс уур амьсгалд тохирсон технологи чухал. Бид өрх бүрийг тариаланч болгож чадахгүй байгаагийн гол учир нь газар тариалан эрхлэхэд маш их цаг хугацаа, хүч, хөдөлмөр зарцуулж байгааг өөрчилж чадахгүй байгаа юм. Хаврын 4,5 сараас үрсэлгээгээ хийнэ. Үрсэлгээгээ “бойжуулах” гэж нар, салхи, агаарын темпратурыг тохируулах гэж хөдөлмөр их зарцуулна. Үүний дараа тариална, хүн хүч хэрэг болно, 7 сарын сүүл 8 сараас ногоогоо хурааж авна.  Ажиллагаа ихтэй ч зарим үед ашиг багатай байх тохиолдол гарна. Иймд нэгд, энгийн хүлэмжээ халж пассив хүлэмжтэй болох хэрэгтэй. Дараа нь түүнд нь тохирсон технологи нэвтрүүлэх хэрэгтэй. Манайх пассив хүлэмжтэй. Би 3-11 сар хүртэл хүлэмжиндээ ногоо тарьдаг. Зургадугаар сар дөнгөж гараад шинэ ногоо иддэг. Гэтэл дийлэнх монголчууд 8 сараас-10 сар хүртэл л шинэ ногоо иддэг. Иймд энгийн хүлэмжээ нарлаг пассив хүлэмжээр соливол тариалалтын хугацаа нэмэгдэж эдийн засгийн хувьд ч ашигтай. Мөн тариалалтаа автоматжуулах нь чухал. Хүний хөдөлмөрийг багасгаж байж тариаланчид илүү цагаа өөрийгөө хөгжүүлэхэд зарцуулна.

-Та пассив хүлэмжээ өөрөө барьсан гэсэн ?

-Тийм. Манайх 6х10 харьцаатай. Энгийн хүлэмжээ пассив болгож өөрчилсөн. 10 орчим сая төгрөг зарцуулсан. Доторх усалгаа, агаарын чийгшлийн тохиргоо нь автомат. Энэ технологийг илүү сайжруулвал ийм хүлэмжийг 7,8 саяд ч барих боломжтой юм. Хүмүүс өвлийн хүлэмж л гээд байдаг. Өртөг өндөр шүү дээ. Эрчим хүч, дэд бүтцийг нь бүрдүүлэхэд зардал өндөр гардаг учир өвлийн хүлэмжний өртөг их байгаа. Үүнийг өрх бүр авах боломжгүй. Монголд  20 га газарт өвлийн хүлэмж байршуулсан гэлэг. Эдгээр хүлэмжийн 75 хувь нь дүн өвлийн хүйтэнд ажилладаггүй гэж байсан. Тэгэхээр яг монголын цаг уурт тохирсон хүлэмж, технологийг бид бий болгох хэрэгтэй гэж боддог.

Манайх жишээ нь, пассив хүлэмжиндээ нарны эрчим хүч ашигласан автоматжуулалтын системтэй. Хүлэмжний агаарын темпратурыг нэг хэвд барина гэдэг их хэцүү. Харин  автоматжуулсанаар, хүлэмжний доторх дулаан 35 хэм хүрэхэд бороожуулагч ажиллаж 7-8 хэмээр агаарын хэмийг буулгана, 32 хэм хүрэхэд агааржуулагч сэнс ажиллана, 25 хэм хүрэхэд салхивч нээгдэх бол 22 хэм хүрэхэд салхивч өөрөө хаагдана. Өөрөөр хэлбэл, хүлэмжний доторх агаарын хэм тогтвортой байх тусам ургац тогтвортой байдаг.

Монголчууд “Хүнсний хувьсгал”, “Ногоон хувьсгал” хийе л гэж бодож байгаа бол технологи нэвтрүүлэх ёстой. Энийг хүлэмжийг пассив болгон өөрчилж дээр нь ногооныхоо тарилт, ургалттай уялдуулсан технологийг нь давхар “өгөх” хэрэгтэй гэж харж байна.

-Монгол тариаланч, Япон тариаланчийн газар тариалангаас авах ашиг  35 дахин ялгаатай гэж байсан. Энэ нь ашиглаж буй технологитой холбоотой юм билээ.

-Харин тийм. Үүнийг л хэлээд байгаа юм. Хүмүүс үрсэлгээндээ 60 хоног зарцуулж байгаа бол би пассив хүлэмжиндээ 7 хоног л зарцуулж байна. Зөвхөн хөдөлмөрийн бүтээмжийг харьцуулахад ийм.

Мөн зөвхөн усалгааны талаар хэлэхэд, ногоогоо услах гэж гүний худаг гаргах бус   борооныхоо усыг хуримтлуулж цуглуулж эргээд ашиглах байгальд ээлтэй технологийг  нэвтрүүлэх нь зүйтэй. Ер нь Монгол улс өрхийн тариалалтаа нэгд эрэмбэлж байж хүнсний аюулгүй байдлыг хангаж чадна.

-Өрхийн тариаланчдыг нэмэгдүүлэхийн тулд төрөөс хөнгөлөлттэй үнээр хүлэмж олгодог. Гэхдээ ногоогоо тарьж байгаа нь хэд бол, хэрхэн зөв тарьж, өрхийн орлогоо нэмэгдүүлж чадаж байна уу гэдэгт хяналт сул юм шиг санагддааг. Таны бодлоор?

-Төр, захиргаанаас иргэдэд хүлэмж тарааж өгсөн үед тухайн жилдээ тариаланчид нэмэгдсэн гэсэн байдлаар тоон мэдээлэл гаргадаг юм шиг санагддаг. Гэтэл бодит байдалд хүлэмж авсан иргэн ногоо тарьсан уу, хэдэн кг-ийг тарив, хэрхэн ашигтай ажиллав гээд цааш нь судалж эргэж тойрч байх хэрэгтэй. Хүлэмж өгчихөөд тарьсан гэж бодвол том эндүүрэл.  Иймд хүлэмжээ тараахдаа ногоо тарих технологитой нь, заавар, зөвлөгөөтэй нь өгөөч гэж хэлмээр байна. Орхон аймаг 50 пассив хүлэмжтэй байхад ногооны үнийн хөөрөгдөл багасна. Өнгөрсөн жил манай улаан лоолийн наадамд цөөн хүн оролцож байсан бол энэ жил 3 хүн анх удаа улаан лооль тарьж байна гэсэн. Энэ бол дэвшил. Бас өнгөрсөн онд лооль 13 мянга төгрөг байсан бол энэ жилийн наадамд 8-10 мянган төгрөг байсан. Бид алга дарам газрынхаа үр шимийг хүртэж сурах хэрэгтэй. Өрхийн газраа зөв ашигламаар байна. Хүнсний ногоог ямар үнэтэй зарагддаг юм бэ гэдэг. Хавар, зуныхаа хөдөлмөрийг хэн ч хямд үнэлэхгүй. Хэрэглэгчдэд элдэв хор, химийн бордоогүй эрүүл аргаар тарьсан шинэ ногоо үнэтэй санагдаж байвал хүмүүс өөрсдөө тариалж сурах хэрэгтэй гэж бодож байна.

Бас ногооны үрийн сорт маш чухал. Монголд тариалж байгаа лоолийн батлагдсан сортууд нэр  төрөл цөөн, арилжааны зориулалттай болохоор амт чанар муутай байдаг. Жишээ нь би 2020-2022 оны шинэ сортын үрийг худалдаж авч тарьдаг. 2020 онд Испанийн Сивилягийн их сургуульд санмарзана блю гэсэн шинэ сорт гаргаж тэр нь тухайн жилдээ дэлхийн шилдэг сортоор шалгарсан. Үүнийг би худалдаж авч тарьсан. Монголд байгаа улаан лоолийн сорт нь 70-80 хоногийн  болцтой буюу их удаан ургадаг гэсэн үг.  Гэтэл 50-60 хоногийн нэн эртийн болцтой сортууд байна. Зөвхөн сорт сольсноор ургац авах хугацааг нэг сараар ургашлуулж байна.  Тиймээс  Монгол Улс үрийнхээ сортыг шинэчлэх хэрэгтэй гэж бас харж байгаа. Монголд тохирсон хүлэмж  түүнд тарих технологи бас шинэ сортыг гаргахын төлөө мэргэжлийн байгууллагууд нь ажиллах хэрэгтэй. Үүний тулд төр ажиллах ёстой гэж бодож байна.

-Хүлэмжийг үнэгүй тарааж байгаа бол технологитой нь, заавар, зөвлөгөөтэй нь цуг өг гэж та хэлж байсан. Хүлэмж авсан хүн бүр л чадахаараа ногоогоо тарьж байгаа энэ чинь давуу тал биз дээ?

-Жишээ нь, Орхон аймаг өрхийн тариалан эрхэлдэг 45 хүнтэй гэвэл үнэгүй 45 хүлэмж тараагаад дахиад 45 буюу нийт 90 хүн ногоо тарьдаг болсон давуу тал үүснэ. Гэхдээ тэд ногоо тарихад зарцуулж байгаа 60 хоногийн хугацааг өөрчилж чадаагүй. Үнэгүй хүлэмжтэй болсон ч 6 сараас ногоогоо тарьж 8-9 сарын сүүл буюу өмнөх шигээ хугацаанд л шинэ ногоо иднэ. Энэ өөрчлөлт биш шүү дээ. Бас хүлэмжийг их хэмжээгээр замбараагүй тараагаад байхаар мэргэжлийн ногоочид чинь ашиггүй болж ногооны нийлүүлэлт нэмэгдэхээр үнэ хямдарч олон жилийн газартай зууралдсан тариаланчид сүүлдээ залхаад ингэж үйлээ үзэж ногоо тарьж хямд өгч байхаар зоорь бэлдээд ногоо худалдаж аваад өвөл зарах нь ашигтай гэж бодоод ногоогоо тарихаа больж эхэлдэг. Ийм жишээ олон ш дээ. Өргөст хэмх өвлийн улиралд найм, есөн мянган төгрөг байдаг бол зун, намартаа 1000 төгрөг болох жишээтэй. Тарихад амар учир олон хүн нөгөө хүлэмжиндээ тарьж байгаа.

Хэрэв ногоо тарих технологитой болчихвол 5 ам бүлтэй айл 1 хүлэмж биш 100 хүлэмжийг зэрэг ашиглана. Тиймээс технологи, чанартай үр, монголд тохирсон хүлэмж хэрэгтэй байгаа юм. Монгол Улс таримал хүнсний ногооны үрийн ген банкаа эрс сайжруулах хэрэгтэй. Эрдэмтэн, мэргэдийн олон жил хийсэн судалгаа, шинжилгээний ажлуудаа зах зээлд нийлүүлэх, тариаланчдадаа хүртээх хэрэгтэй.  Ер нь бид үрийн үйлдвэргүй байж яаж хүнсний аюулгүй байдлыг хангах билээ. Хүлэмж тараагаад хүнсний хувьсгал хийх боломжгүй юм.

-Ярилцсанд баярлалаа. 



 

Холбоотой мэдээ