ӨМНӨГОВЬ: "Говь фестиваль-2023" үйл ажиллагаанд 400 гаруй бизнес эрхлэгч оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-09-30 19:49:16

Даланзадгад, 2023 оны есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. ​Орон нутгийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, сурталчлах, бизнес эрхлэгчдийн зах зээлийг өргөжүүлэх зорилгоор "Говь фестиваль-2023" үзэсгэлэн худалдааг 2005 оноос хойш  тасралтгүй 19 дэх жилээ зохион байгуулж байна.

 

Есдүгээр сарын 28, 29-ны өдрүүдэд зохион байгуулж тус фестивальд гурван улсын зочид, төлөөлөгч, хөрөнгө оруулагчид, Засгийн газрын зургаан яам, агентлагийн төлөөлөл, таван аймгийн удирдлага, олон улсын болон үндэсний хэмжээний 400 гаруй бизнес эрхлэгч, Өмнөговь аймгийн 15 сумын ЖДҮ эрхлэгч иргэн, ААН оролцлоо.


 

"Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд аймаг орон нутагт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор зохион явуулж буй “Invest Gobi 2023” хөрөнгө оруулалтын форумтай "Говь фестиваль" үзэсгэлэнг хамтад нь зохион байгуулж байгаа нь  өргөн цар хүрээг хамарч өмнөх жилүүдээс онцлогтой боллоо.

 

Өмнөговь аймаг хүлэмжийн аж ахуй эрхэлж буй иргэд, аж ахуй нэгжийг бодлогоор сүүлийн 3 жилийн хугацаанд дэмжиж, 677 хүлэмжийг 70 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож хамгаалалттай хөрсний тариалалтыг хөгжүүлж байна.

 


Үзэсгэлэн худалдаанд говийн шимт хөрсөнд тариалсан төрөл бүрийн хүнсний ногоо, говийн брэнд болсон нэрийн бүтээгдэхүүнүүд, гар урлал, урлагийн бүтээлүүд дэлгэгдсэн бөгөөд Оюутолгойн ханган нийлүүлэгч компаниудын ажлын байрны өдөрлөг боллоо.

 

Үзэсгэлэнгийн хоёр өдрийн хугацаанд 10 гаруй аж ахуйн нэгж, 110  иргэн, өрхийн үйлдвэрлэгч оролцож салбар бүрийн шилдгүүдээ тодрууллаа.  

 


Байгальд ээлтэй ААНБ-аар Даланзадгад сумын “Хаяа гол ХХК нь тодорсон бол Үндэсний өв соёлч иргэнээр Цогтцэций сумын өрхийн үйлдвэрлэгч Цэрэндуламын Түмэнжаргал, онцлох шинэ бүтээгдэхүүнээр Даланзадгад сумын Тэнгэрийн мэлмий ХХК-ийн барилгын материал, говийн үнэр шахмал утлага шалгарчээ.




Харин шилдэг газар тариалан эрхлэгчээр Даланзадгад сумын иргэн Дэшзэвэгийн Цэцэгдэлгэр, шинэлэг үйлчилгээ эрхлэгчээр Даланзадгад сумын Удмын туршлага ХХК, шилдэг бизнесийн гараа номинацид Номгон сумын ЗИЗИ гар урлалын хамт олон, Хэрэглэгчийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээгээр Д.Мандахын ингэ болон ямааны цагаан идээ, шилдэг зохион байгуулалттай сумаар Даланзадгад сум,шилдгийн шилдэг Гранпри шагналын эзнээр “Ганган тайж ХХК тус тус шалгарлаа. 

Холбоотой мэдээ