Газрын тос боловсруулах үйлдвэрийн дөрөвдүгээр багц ажлын гэрээ байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2023-09-29 16:22:43

Улаанбаатар, 2023 оны есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Алтанширээт сумын нутагт 1.5 сая тонн түүхий газрын тос боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэрийг БНЭУ-ын Засгийн газрын 1.2 тэрбум долларын хөнгөлттэй зээлээр барьж байгаа.


Газрын тос боловсруулах үйлдвэрийн лицензтэй технологийн байгууламжуудын (EPC 04) инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын буюу хамгийн сүүлчийн том гэрээг өнөөдөр байгууллаа. Гэрээнд “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, “Megha Engineering & Infrastructure Limited” компанийн Устөрөгчийн үйлдвэр хариуцсан ерөнхийлөгч Ражеш Редди нар гарын үсэг зурсан юм.


ГТБҮ-ийн хамгийн сүүлийн, хамгийн төвөгшил ихтэй хэсгийн гэрээнд гарын үсэг зурснаар тус үйлдвэр байгуулах сүүлийн багц ажил буюу олон улсын нефть-химийн салбарын технологийн тэргүүлэгчдийн лицензээр 7 байгууламж барина. Энэ талаар ГТБҮ-ийн захирал Д.Алтанцэцэг ярихдаа, “Инженерчлэл гэдэг нь шинээр инженерчлэл хийнэ гэсэн үг биш. Тендер зарлаж, компаниудаа сонгон шалгаруулахын тулд 4-5 жил инженерчлэл хийсэн. Шалгарсан компаниуд энэ ажлын ерөнхий зураг төслийг хийж, техник, тоног төхөөрөмж худалдан авч, барилга угсралтын ажил хийнэ. Гүн боловсруулалтын технологи нь энгийн болон вакуум нэрлэгийн байгууламжаас гадна тэр нэрлэгийн хүнд үлдэгдлийг хэрхэн задалж, ямар технологиор атом молекулын түвшинд нөлөөлж, шингэн, тунгалаг бүтээгдэхүүний гарцыг нэмэх асуудал. Өөрөөр хэлбэл үйлдвэрийн гол бүтээгдэхүүн автобензин, дизелийн болон онгоцны түлшийн гарцыг нэмэх, ямар шинж чанартай түүхий тосоор, хэчнээн хэмжээний бүтээгдэхүүнийг ямар стандартаар гаргах нь чухал” гэдгийг онцоллоо.  


Хэдий цар тахал, геополитикийн нөхцөл байдал, үнийн өсөлт зэрэг хүчин зүйлс байсан ч Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл эрчимтэй хэрэгжиж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай энэ үеэр дурдаад, “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа төслийг анх эхлүүлсэн тул онцгойлон анхаарч, цаг хугацаанд нь ашиглалтад оруулах талаар хүчин чармайлт гарган, Засгийн газар, УИХ-д чиглэл өгч байгаа. Бид өөрсдөө бензинээ хийх өдөр нэг алхам урагшиллаа. Үйлдвэрийг 2027 онд бүрэн ашиглалтад оруулах итгэл дүүрэн байна” хэмээв.


БНЭУ-ын Эм И Ай Эл Интернэшнл ХХК-ийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын дарга Мурали Кбвс, Дөрөвдүгээр багц ажлын гэрээнд гарын үсэг зурсан нь бүтээн байгуулалтаас гадна хоёр улсын түншийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлсэн чухал ач холбогдолтой юм. Багц ажлын гэрээнүүдэд мөн ерөнхий хэлэлцээр байгуулснаас хойш 36 сарын хугацаанд бид ажлаа бүрэн гүйцэд дуусгана гэж итгэлтэй байгаа. Газрын тос боловсруулах үйлдвэрийн багц бүрийн ажил төвөгтэй, нарийн мэргэжил мэдлэг, туршлага шаардсан өргөн цар хүрээтэй ажлууд учир өндөр технологийн, хүнд аж үйлдвэрийн цогц бүтээн байгуулалтад олон улс орны инженер, техникийн мэргэжилтнүүд оюун ухаан, хүч, сэтгэлээ шингээн ажиллаж байгаа” гэсэн юм.



Монгол Улсад нефть химийн шинэ аж үйлдвэрийн салбарын суурийг тавих Газрын тос боловсруулах тус үйлдвэрийн бүтээн байгуулалтыг 2021 онд эхлүүлсэн билээ. Өндөр технологийн, хүнд аж үйлдвэрийн цогц бүтээн байгуулалт болох Газрын тос боловсруулах үйлдэрийн төсөл томоохон үе шатаар урагшилж байна. Төсөл хэрэгжүүлэх үйл явц нь хоорондоо уялдаа холбоотой олон салбар дамнасан, цогц үйл ажиллагаанаас бүрдэж байгаа. Одоогоор Монгол, БНЭУ, Итали, Франц, АНУ, Нидерланд, БНХАУ зэрэг орны мянга гаруй инженер, мэргэжилтнүүд төсөлд оролцон ажиллаж байгаа аж.


EPC 04 багцын инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ажлын Ерөнхий гүйцэтгэгч шалгаруулах тендерийг төсөл хэрэгжүүлэгч “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, Энэтхэгийн талтай хамтран амжилттай зохион байгуулсан. Тендерт хамгийн бага үнийн санал ирүүлсэн БНЭУ-ын “Megha Engineering & Infrastructure Limited” компанитай Инженерчлэл, худалдан авалт, барилгын угсралтын гэрээ байгуулахыг Засгийн газрын есдүгээр сарын 13-ны хуралдаанаар шийдвэрлэсэн билээ. Ингэснээр газрын тос боловсруулах үйлвэрийн бүтээн байгуулалтын бүх багц ажил ерөнхий гүйцэтгэгчтэй болж, барилга угсралтын ажил нэгэн зэрэг өрнөж эхлэх нөхцөл бүрдээд байгаа юм. Үйлдвэрийн үндсэн технологийн байгууламжууд, газрын том дамжуулах хоолойн барилга угсралтын ажил энэ оны дөрөвдүгээр сараас эхэлсэн бөгөөдд ирэх онд лицензтэй технологийн байгууламжуудыг барих ажил эхлэх юм.



Дөрөвдүгээр багц ажилд хамаарах гүн боловсруулалтын технологийн байгууламжуудын лиценз эзэмшигчээр нефть химийн салбарын үндэстэн дамнасан корпорациуд шалгарч 2022 онд гэрээ байгуулжээ. Ингэснээр устөрөгчийн үйлдвэрийн Италийн “Kinetics Technology”хүхэр ялгах байгууламжийг Францын “Axens”, бензин боловсруулах, гидрокрекинг, дизелийн гидроцэвэрлэгээ болон шингэрүүлсэн шатдаг хий ялгах байгууламжийг АНУ-ын “UOP Honeywell”, Висбрекинг (VBU)-ийг Нидерландын “Shell” компани гүйцэтгэнэ. Эдгээр компани өөр өөрийн патенттай технологийн байгууламжуудын зураг төслийг өнгөрсөн оны 12 дугаар сард боловсруулж дуусгаад байгаа.


Монгол Улсад хэрэгжиж буй аж үйлдвэрийн хамгийн том төсөл болох ГТБҮ-ийн бүтээн байгуулалт нь тодруулбал, технологийн бус барилга байгууламж (EPC 01), атмосферийн болон вакуум нэрлэг, ханасан хий ялгах, дагалдах, туслах байгууламжууд (EPC 02), үйлдвэрийн ДЦС (EPC 03), лицензтэй технологийн байгууламжууд (EPC 04) гэсэн 4 багц ажлаас бүрдэж байгаа.



Эхний багц ажлын ерөнхий гүйцэтгэгч БНЭУ-ын “Kalpataru Project International Limited” компани нь барилга угсралтын ажлыг 2021 онд эхлүүлж, одоогоор 93,4 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байна. Хоёр, гуравдугаар багц ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНЭУ-ын “Megha Engineering and infrastructure Limited” компани ажиллаж, барилга угсралт, тоног төхөөрөмжүүдийн техникийн бичиг баримт, зураг төслийг хянахаас гадна резервуар, агуулах сав паркууд, үйлдвэрийн ДЦС-ын суурийн барилга угсралтыг хийж байна. Эдгээр багц ажлын инженерийн нарийвчилсан зураг төслийг Италийн “STF Termotechnica”, Испанийн “Intecsa” компани гүйцэтгэж, үйлдвэрийн ДЦС барих ажилд дэлхийн аж үйлдвэр, технологийн салбарын тэргүүлэгч, ХБНГУ-ын “ThyssenKrupp”, “Siemens” компани оролцож байгаа юм



Холбоотой мэдээ