ДУНДГОВЬ: "Дуудлагын номын сан" үйлчилгээгээр хүссэн номоо, хүссэн газартаа хүргүүлэх боломжтой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь, 2023 оны 9 дүгээр сарын 29. /МОНЦАМЭ/. С.Буяннэмэхийн нэрэмжит Дундговь аймгийн төв номын сан 34
дэх удаагийн номын баярыг тохиолдуулан ном хүргэлтийн “мопед”-тэй болсноор дуудлагын
номын сангийн үйлчилгээ авдаг иргэдийн тоо нэмэгджээ.
Аймгийн төв номын сан тус үйлчилгээг 2017 оноос нэвтрүүлж,
жилдээ 20-30 хүн энэ үйлчилгээг авдаг байсан бол 2023 онд үйлчлүүлэгчдийн тоо 130
болж өсжээ.
Ном унших сонирхолтой иргэдийн тоог нэмэгдүүлэх, үйлчилгээг
гэрт нь ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрэлт, хэрэгцээнд нь тулгуурлан
гэрээр уншигч, хэрэглэгчдийн хүрээг өргөжүүлэх зорилгоор уг үйлчилгээг хэрэгжүүлж
байгаа ба уншигчид хүссэн номоо, хүссэн газартаа хүргүүлж, дуудлагаар мөн буцааж
өгдөг нь энэхүү үйлчилгээний онцлог ажээ.
Тус аймгийн төв номын сан 30,0 гаруй мянган номын фондтой бөгөөд жилд 20,0 гаруй мянган хүнд үйлчилдэг. 2023 оны эхний хагас жилийн байдлаар тус номын сангаас 12,0 мянган хүн үйлчилгээ авсны 80,0 гаруй хувь нь хүүхдүүд байна.
9 дүгээр сарын 17-нд энэ намрын 34 дэх удаагийн номын
баярыг орон даяар "Илүү их уншъя" уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн. Энэхүү
үйл ажиллагааны хүрээнд аймгийн төв номын сангаас “Номтой эко явган аялал”, “Ангийн
номын санч” хөтөлбөр, “Танд ойрхон номын сан ахмадын ордонд” өдөрлөг зэрэг үйл
ажиллагааг зохион байгуулж, 300 гаруй иргэн, хүүхдүүдийг хамруулжээ.
“Ангийн номын санч” хөтөлбөрийн хүрээнд Сайнцагаан сумын 5 сургуулийн сурагчид "Илүү их уншъя" уриан дор нэгдэж, номын санд тогтмол цагт уншлага хийж, сурагчид өөрсдөө бие даан ном захиалан уншиж, бие биедээ ном хүлээлгэн өгч, хүлээн авч хэвшиж байгаа ажээ. Мөн сурагчид анги хамт олноороо “Номтой эко аялал” хийж, байгальд ном уншиж, ярилцсан байна.
Түүнчлэн аймгийн Ахмадын хороо, Сайнцагаан сумын Ахмадын хороотой хамтран "Танд ойрхон номын сан"-ийн үйлчилгээ, "Шилдэг уншигч" шалгаруулах, шинэ номын үзэсгэлэн гаргаж, тэдний дунд "Алтан хонх" танин мэдэхүйн тэмцээн зохион байгуулсан нь ахмадуудын талархлыг хүлээгээд байна.