ЗАВХАН: Хол замд гарахгүй байхыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-09-27 13:13:51

Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймгийн нутгаар их хэмжээний цас орж, авто зам, даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй байгааг Завхан аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.


Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр өнөөдөр өдөртөө ихэнх нутгаар бороо, цас орж, нийт нутгаар хүйтэрч, салхи шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна. Мөн газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэх төлөвтэй байна.


Цаашид есдүгээр сарын 28-ны өдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар бороо, цас орно.


Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -7-12 градус хүйтэн, өдөртөө -1+4 орчим байна. Есдүгээр сарын 30-ны өдрөөс ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарах төлөвтэй байна.

Тиймээс цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсож, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах. Онцын шаардлагагүй бол холын замд гарахгүй байх. 

Жолооч нар хол, ойрын замд гарах тохиолдолд тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх. Малчид малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна. 

Холбоотой мэдээ