Монголын 4 жүдоч медалийн төлөө барилдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-09-26 15:53:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Ханжөү 2022” Азийн XIX наадмын жүдо бөхийн төрөлд өнөөдөр эрэгтэй 90, -100, +100 кг, эмэгтэй -78, +78 кг  жингийн медальтнууд тодрох юм.

 

Манай жүдочдоос эрэгтэйчүүдийн -100 кг-д зодоглосон Б.Гончигсүрэн эхний даваанд хийлээд БНСУ-ын Жон Хун Воныг, хагас шигшээд Арабын Нэгдсэн Эмиратын Жафар Костоевыг иппоноор цэвэр ялснаар алтан медалийн төлөө өнгөрсөн оны дэлхийн аварга Узбекистаны жүдоч Музаффарбек Туробоевтой тунаж үлдээд байна.

 

Харин эмэгтэйчүүдийн -78 кг-д хүч сорьсон О.Хүслэн эхний даваанд Филиппиний Кэйт Жименаг хоёр вазаригаар илүүрхсэн ч дараагийн даваанд БНСУ-ын Хюү Жи Ёнд базари үнэлгээгээр ялагдсан. Улмаар дагах барилдаанд Хятадын Тайпэйгийн Хвей Ваныг боох мэхээр ялснаар хүрэл медалийн төлөө Узбекистаны Иришон Курбанбаеватай учраа таарлаа.

 

+78 кг-д барилдсан А.Адьяасүрэн Казахстаны Камила Берликашийг вазаригаар буулган авсан ч дараагийн даваанд БНСУ-ын Ха Юн Кимд цэвэр ялагджээ. Манай жүдоч хүрлийн төлөө Энэтхэгийн Тулика Маантай хүч үзнэ.

 

Эрэгтэйчүүдийн 90 кг-д хүч үзсэн Г.Алтанбагана эхлээд Афганистаны Жабар Файсалыг, дараа нь Казахстаны Дидар Хамзаг ялаад хагас шигшээд Узбекистаны Давлат Бобоновыг барсангүй. Манай жүдоч хүрлийн төлөө Ливаны Карамнов Сагайповтой өрсөлдөх юм.

Холбоотой мэдээ