Монгол Улс, БНСУ эдийн засгийн түншлэлийн яриа хэлэлцээг албан ёсоор эхлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2023-09-26 15:43:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамны Чөлөөт худалдааны хэлэлцээрийн бодлогын асуудал хариуцсан дарга Чангёнг Ан нар “Монгол Улс, БНСУ хоорондын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг эхлүүлэх тухай Ажлын даалгавар”-т Улаанбаатар хотноо өнөөдөр гарын үсэг зурлаа. 


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2023 оны хоёрдугаар сард БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр улсын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний дэд сайд Пак Ил Жун нар “Монгол Улс, БНСУ хоорондын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг эхлүүлэх тухай Хамтарсан мэдэгдэл”-д гарын үсэг зурсан. Энэ хүрээнд талуудын холбогдох албаны хүмүүс ажлын түвшинд хамтран ажиллаж, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хамрах хүрээ, зорилго, талуудын үүрэг хариуцлагыг тодорхойлсон Ажлын даалгаврын төслийг харилцан санал солилцсоны үндсэн дээр эцэслэн боловсруулжээ


Уг Ажлын даалгаварт гарын үсэг зурснаар Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн яриа хэлэлцээг албан ёсоор эхлүүлж байна. Талууд хэлэлцээрийн эхний шатны хэлэлцээг 2023 оны 12 дугаар сард БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулахаар харилцан тохиролцлоо. 


Энэхүү хэлэлцээрийн зорилго хоёр улс хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн салбарын нэмүү өртөг шингээсэн экспорт, валютын орлого зэргийг нэмэгдүүлэх, талуудын тарифын болон тарифын бус саад тотгорыг багасгах, худалдааг хөнгөвчлөх, гаалийн бүрдүүлэлтийг хялбаршуулахад оршиж байгаа ажХэлэлцээг хамтын ажиллагаа, харилцан ашигтай байдлаар явуулах бөгөөд эцсийн зорилго нь иж бүрэн, харилцан ашигтай тохиролцоонд хүрэх болно гэж ЭЗХЯ-наас мэдээллээ. 

Холбоотой мэдээ