Хамгийн эртний загасны дэгээ олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
sarnai@montsame.mn
2016-09-19 15:38:49

ТОКИО. /NHK/. Далайн эмгэн хумсны дүрсэн сийлбэртэй, 23 мянган жилийн өмнө хэрэглэж байсан загасны дэгээг Японы археологичид Окинава арлаас олжээ.

Хүнс тэжээлийн нөөц хомс энэ арал дээр 30 мянган жилийн өмнөөс хүмүүс суурьшиж эхэлсэн гэж үздэг.

Олдворыг харахад, тухайн үед бидний төсөөлж байснаас ч илүү дэвшилтэт технологийг эртний хүмүүс өргөнөөр ашигладаг байсныг харж болно. Задгай тэнгисийн арлуудад орчин үеийн хүмүүсийн өвөг дээдэс 50 мянга орчим жилийн өмнө анх очиж суурьшсан гэж үздэг байна. 

Эртний хүмүүс дэлхий даяар тархан суурьших үед гол хоол хүнс нь загас байсан бөгөөд Индонез болон Папуа Шинэ Гвиней зэрэг эртний олдвор багатай газруудад загас барих арга технологи хэрхэн хөгжсөн нь өдийг хүртэл тодорхой биш байдаг.

“Энэхүү шинэ олдворыг харвал эртний далайн технологи нь Номхон далайн баруун эрэг дагуух дунд өргөргийн нутаг хүртэл өргөн тархжээ” гэж Шинжлэх ухааны үндэсний академи үзэж байна.

Үүний өмнө Тиморын аралд 16 мянган жилийн өмнө ашиглаж байсан загасны дэгээнүүд олдож байжээ. Харин 18 мянган жилийн өмнө ашиглаж байсан загасны дэгээ Папуа Шинэ Гвинейд олдсон нь хамгийн эрт үеийнхэд тооцогдож  байсан юм. Агуйгаас олдсон зүйлс дотор далайн эмгэн хумсны сийлбэртэй загасны дэгээнээс гадна багаж хэрэгсэл, хүзүүний зүүлт, хоол хүнсний хаягдал байсан байна.

Х.Сарнай

 

 

 

 

 

Холбоотой мэдээ