Их хямралын үеийн мөнгөн дэвсгэртийг 480 мянган доллароор худалджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГВАШИНГТОН. /CNN/. Их хямралын үеийн ховорт тооцогддог 10 мянган ам.долларын мөнгөн дэвсгэрт дуудлага худалдаагаар 480 мянган долларын үнэд хүрчээ.
АНУ-ын Холбооны
нөөцийн сангаас 1934 онд гүйлгээнд гаргаж байсан 10 мянган ам.долларын дэвсгэртийг
“Paper Money Guaranty”
компани баталгаажуулсан гэж Даллас хотод төвтэй “Heritage Auctions” дуудлага худалдааны ордноос мэдээлсэн
байна.
Ерөнхийлөгч Линкольны үед Сангийн сайдаар ажиллаж байсан Салмон П.Чейзийн хөрөг бүхий энэ мөнгөн дэвсгэрт ийм өндөр үнэд хүрснээр “Heritage Auctions” ордны мөнгөн дэвсгэртийн дуудлага худалдааны дээд амжилтыг тогтоожээ. “Том мөнгөн дэвсгэртүүд нь бүх зиндааны цуглуулагчдын сонирхлыг татсаар ирсэн” гэж тус ордны дэд ерөнхийлөгч Дастин Жонсон ярилаа.
“Heritage Auctions”-ны хэвлэлийн төлөөлөгчийн CNN-д мэдээлснээр, 1934 оны 10 мянган долларын дэвсгэрт өмнө нь 2020
оны есдүгээр сард 384 мянган доллароор зарагдаж байжээ.