Шүд ургуулагч анхны эмийг гарган авахаар ажиллаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2023-09-25 15:38:29

ОСАКА. /Kyodo/. Японы эм үйлдвэрлэлийн салбар дахь нэгэн гарааны компанийн судлаачдын баг шинэ шүдний ургалтыг идэвхжүүлдэг эмийг гарган авахаар ажиллаж байна. Дэлхийд анхдагч болох уг эмийг 2030 он гэхэд зах зээлд нийлүүлэхээр төлөвлөөд байгаа ажээ. 


Судлаачдын баг 2018 онд хулганад шинэ шүд ургуулж чаджээ. Киотогийн их сургуулиас санхүүжүүлдэг Toregem Biopharma компани эмийн аюулгүй байдлыг баталгаажуулахын тулд насанд хүрсэн эрүүл хүмүүсийг хамруулсан эмнэлзүйн туршилтыг 2024 оны долоодугаар сараас хийж эхлэх төлөвтэй байна.


Шүдний эх үүсгэврийн эхлэл үеийг бундуу хэлбэрийн үе /bud stage/ гэдэг бөгөөд ихэнх хүмүүст ийм бундуу байдаг. Энэ нь сүүн болон байнгын шүднээс гадна шинэ шүд болох чадвартай байдаг боловч ихэвчлэн ургалгүй алга болдог байна. Харин судлаачдын багийнхан шүдний ургалтад саад учруулдаг уургийг дарангуйлдаг эсрэгбиет-эмийг бүтээжээ. Уг эм нь тэдгээр бундуун дээр ажиллаж, өсөлтийг нь өдөөдөг байна.


Түүнчлэн 2018 онд хүнийхтэй төстэй сүүн болон байнгын шүдтэй өмхий үенгүүдэд уг эмийг туршсаны дараа шинэ шүд ургажээ. Судлаачид 2025 оноос эхлэн анодонти өвчтэй /байнгын шүдний зарим нь юм уу бүхэлдээ байхгүй/ 2-6 насны хүүхдүүдийг эмнэлзүйн туршилтад хамруулахаар төлөвлөж байна. Хүүхдүүдийн шүдний ургалтыг дэмжихийн тулд эмийг нэг тунгаар тарих ажээ.


Ирээдүйд уг эмийг шүд цоорох өвчний улмаас шүдгүй болсон насанд хүрэгчид хэрэглэнэ гэж найдаж байна. Осака хот дахь Kitano эмнэлгийн шүд, амны хөндийн мэс заслын тасгийн дарга, Toregem Biopharma”-гийн үүсгэн байгуулагч Такахаши Кацү ярихдаа “хүүхдийн шүд дутуу байх нь эрүүний ясны хөгжилд сөргөөр нөлөөлдөг,  энэ асуудлыг шийдвэрлэхэд шинээр гарган авах эм гол үүрэг гүйцэтгэнэ хэмээн найдаж байна” гэлээ.




Холбоотой мэдээ