ӨВӨРХАНГАЙ: Л.Оюун-Эрдэнэ: Шинэ сэргэлтийн бодлого өврийн сайхан хангай нутгаас эхтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-09-23 11:25:10

Арвайхээр МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүдийн хамт 9 дүгээр сарын 22-ны өдөр Өвөрхангай аймагт ажиллалаа.


Түүний ажлын бүрэлдэхүүнд Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Сангийн сайд Б.Жавхлан, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Г.Ганболд болон бусад дэд сайд, газрын дарга нарын хамт 14 хүн багтсан байна.



Л.Оюун-Эрдэнэ сайдыг Өвөрхангай аймгийн удирдлагууд төв талбайдаа Арвайхээр цэргийн хүрээний хүндэтгэлийн жагсаалаар угтан авсан бөгөөд Монгол Улсын анхны Ерөнхий сайдын нутагт хүрэлцэн ирж байгаад баяртай байгаагаа тэрбээр уулзалтын эхэнд илэрхийлэв.


Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэн, Монгол Улсын 11 дэх Ерөнхий сайд П.Гэндэн нар Монгол орны тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө үйл хэрэг, үзэл бодлоороо тэмцэж явсан учраас “Шинэ сэргэлтийн бодлого өврийн сайхан хангай нутгаас эхтэй” гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо.



Уулзалтын үеэр иргэдэд “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ тавьж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, Засгийн газрын үйл ажиллагааны талаар танилцуулсан юм. Тухайлбал, авлигатай тэмцэх ажлын хүрээнд Шүгэл, Шүүр, Шувуу, Шилжүүлэх, Шил ажиллагааг хэрэгжүүлж, 6278 зөрчлийг илрүүлэн 481 төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлж, гадаад улс руу гарсан 32 этгээдийг мөрдөн 9 хүнийг буцаан авчирсан байна. 


Түүнчлэн хохирлыг барагдуулах ажлын хүрээнд 2022 онд 2.2 их наяд төгрөгийг төвлөрүүлсний 12.2 сая доллар нь гадаадаас Монгол Улсад буцаан татсан мөнгө юм.


Мөн Шил ажиллааны хүрээнд төрийн мэдээллийн 81 хувь буюу 922.510 нэгж мэдээллийг шилэн болгож, “E-Mongolia” систем-д 67 төрийн байгууллагын 742 үйлчилгээг нэгтгэснээр 146 тэрбум төгрөг хэмнэснийг тэмдэглэн хэлэв.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны төсвийг иргэдийн саналд тулгуурлан эрдэмтдээ сонсож, судалгааг үндэслэж боловсруулна гэсэн бөгөөд уулзалтад оролцсон иргэдээс Өвөрхангай аймагт хийх ажлын саналыг авлаа. Иргэдийн дийлэнх нь Арвайхээр сум дахь Дулааны станц II хэлхээний шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэл болон цахилгаан хангамжийн асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай гэсэн байв. Тиймээс уг төслийг ирэх оны улсын төсөвт суулгахаар боллоо.


Тэрчлэн ирэх оны төсвийн онцлог нь орон нутагт ажиллах төрийн албан хаагчид, орон нутагтаа бүтээн байгуулалт өрнүүлэх аж ахуйн нэгжийг дэмжихэд чиглэж байгаа аж. Төрийн захиргааны болон үйлчилгээ, улс төрийн албан хаагчид аймагт ажиллабал цалингийн 20 хувь, суманд ажиллавал 40 хувийн нэмэгдэл авна. Орон нутагт орон сууц барьсан компанийн орлогын албан татварыг 90 хувь хөнгөлнө гэлээ.



Иргэд санал хүсэлтээ илэрхийлэхдээ тэтгэврийн зөрүүг арилгах, нэмэх, багш нарыг чадавхжуулах, сургуулийн орчин нөхцөл, тоног төхөөрөмжийг сайжруулах, төрийн дунд, доод шатны албан хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг чанар, хүртээмжтэй байлгах гэхчлэн олон асуултыг тавьж, вакцинжуулалт, нүүрсний хулгай, эрүүл мэндийн 13А маягт зэрэг цаг үеийн асуудлыг тодруулж, авлигачидтай тэмцэх үйл ажиллагаанд нь амжилт хүсэв.


Иргэдийн асуултад сайдууд эрхлэх асуудлынхаа хүрээнд хариултыг өглөө. Энэ үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Өвөрхангайг цахимжуулалтын жишиг аймаг болгож, эрүүл мэнд, боловсролын салбарын болон аймгаас олгож байгаа бүх зөвшөөрлийг цахимаар олгодог болно гэв.


 

Холбоотой мэдээ