"S&P 500”, “Nasdaq” индексүүд 6 дугаар сараас хойших хамгийн доод түвшин рүү унажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2023-09-22 16:10:50

НЬЮ-ЙОРК. /MarketWatch/. Пүрэв гарагт Америкийн хөрөнгийн биржийн “S&P 500”, “Nasdaq” индексүүд зургаадугаар сараас хойших хамгийн доод, харин “Dow Jones” индекс зургаадугаар сарын дунд үеэс хойших хамгийн доод үзүүлэлт рүү унажээ. 


Америкийн аж үйлдвэрийн гол индекс болох “Dow Jones” 370.46 нэгжээр (1.08 хувь) буурч, 34070.42 нэгж болсон бол тус улсын зах зээлийн хамгийн том 500 компанийн хувьцааны ханшийг харуулдаг "Standard & Poor's" индекс нэг өдрийн дотор 72.2 нэгжээр (1.64 хувь) унаж, 4330 нэгж болсон байна. “Nasdaq” цахим биржийн индекс 13223.98 нэгж болж, 245.14 нэгжээр (1.82 хувь) буурчээ. 


АНУ-ын Төв банкны үүргийг гүйцэтгэгч Холбооны нөөцийн сангийн /ХНС/ пүрэв гаргийн хурлаас гарсан шийдвэр нь хөрөнгө оруулагчдын дунд бодлогын хүүг өндөр түвшинд барих бодлогоо удаан хугацаагаар үргэлжлүүлнэ гэсэн болгоомжлолыг төрүүлсэн бөгөөд энэ нь АНУ-ын эдийн засагт дарамт учруулж болзошгүй байна гэж шинжээчид үзэж байна. 


"ХНС эдийн засгийн “зөөлөн буулт” хийж чадна гэж бодож байгаа боловч хэрэв хүүгээ өсгөж, удаан хугацаанд өндөр түвшинд барьж, газрын тосны үнэ нэмэгдвэл хэрэглэгчид хэр удаан тэсэх вэ?" гэдэг асуултыг “Spartan Capital Securities” компанийн зах зээлийн ахлах эдийн засагч Питер Кардилло тавьж байна. Түүнчлэн засгийн газрын бондын өгөөж 2006-2007 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрч, ам.долларын ханш чангарсныг тэрбээр мөн дурджээ. "Энэ бүхэн хөрөнгө оруулагчдын дунд болгоомжлол төрөхөд нөлөөлж байна" гэж шинжээч нэмж хэлэв.


Лхагва гарагт ХНС бодлогын хүүгээ 5.25-5.5 хувийн түвшинд хэвээр үлдээх шийдвэр гаргажээ. Энэ нь сүүлийн 22 жилийн хугацаан дахь хамгийн өндөр түвшин юм. Үүний сацуу Америкийн Төв банкны дарга Жером Пауэлл хэлэхдээ, хэрэв шаардлагатай бол бодлогын хүүг дахин нэмэгдүүлнэ гэдгээ мэдэгджээ. 


Үүнтэй зэрэгцээд статистикийн зарим шинэ мэдээллүүд хөрөнгийн зах зээлд нөлөөлсөн байна. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт анх удаа ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт гаргасан америкчуудын тоо 20 мянгаар буурч, 201 мянга болсныг АНУ-ын Хөдөлмөрийн яам тайландаа дурджээ. Энэ нь сүүлийн найман сарын хамгийн доод үзүүлэлт бөгөөд уг үзүүлэлтийг  5000-аар өснө гэж таамаглаж байсан шинжээчдийн хувьд гэнэтийн зүйл болсон байна. 


Түүнчлэн АНУ-ын төлбөрийн тэнцлийн урсгал дансны алдагдал хоёрдугаар улиралд 2.4 тэрбум доллароор (1.1 хувь) буурч, 212.1 тэрбум доллар болсон тухай Худалдааны яам мэдээлсэн байна. Шинэчилсэн мэдээллээр эхний улирлын алдагдал өмнө нь зарласан 219.3 тэрбум доллар биш 214.5 тэрбум доллар болжээ.




Холбоотой мэдээ